Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих өдөр” хашаандаа мод тарьж, үржүүлдэг айлд зочиллоо.
Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд очив.
Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хоёр ач охиныхоо хамт амьдардаг.
2008 оноос 0.007 га талбай хашаандаа хайлаас, хуш, хус, шинэс, нарс, монос, бүйлс, үхрийн нүд, чацаргана, давжаа алим, долоогоно, тэрэлж зэрэг 32 төрлийн 100 гаруй мод ургуулж байна. Үүний зэрэгцээ гудамжиндаа мод тарьж ургуулж байгаагаа танилцууллаа.
Тэд жилдээ 200 кг чацаргана, 20 кг алим хураан авч, хэрэгцээнээс илүү гарснаа бусдад худалдан борлуулдаг байна.
Хашаандаа сайхан амьдарч чадах эсэх нь хувь хүн, гэр бүлийн сэтгэл, хичээл зүтгэлээс л шалтгаална. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тарьц, суулгац, үр худалдаж авах хүний тоо эрс нэмэгдсэн. Тарьсан модоо яаж арчилж, тордох талаар зөвлөгөө өгдөг тухай гэрийн эзэд ярилаа.
Мод тарьж, ургуулан хашаандаа байгаль бүтээж болдог, энэ хэрээр эрүүл, ногоон орчинд амьдрах, нэмэлт орлого олж, ахуй амьдралаа ч дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулж, үлгэр дуурайл болж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.