“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, “Ажигана” ХХК-д ажиллалаа.“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байна.
Хамгийн сүүлд буюу 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод, 1,000 бог төхөөрөх хүчин чадалтай, 5,000 тн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зээл авсан байна.
Үүний дүнд энэ онд борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа танилцууллаа.
Үйл ажиллагаагаа өргөтгөн “Траст групп” ХХК болсон тус компани ирэх жил мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болж, 2030 он гэхэд бүтээмж, инновацаар олон улсын байгууллагуудын жишигт хүрэх зорилт тавьжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлж байна. Энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.
Үүний үр дүнд 2023 онд олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.
Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.
“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа.
“Ажигана” ХХК-ийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.
Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.