2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэдгийг тэмдэглэлээ.
“Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.
Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг юм.