Жүжигчин, кино найруулагч Д.Баттөмөр Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.02.09/ төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч Д.Баттөмөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин болно цол хүртлээ.
Олны дунд банш Батаа нэрээр алдаршсан тэрбээр 2011 онд СТА цол хүртэж байжээ. "Рашаантын 18", "Микроны босс", "Миний хөрш чөтгөр", "Аянгын бороо" гэх мэт олон арван тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.
Тэрбээр тайз, дэлгэцийн урлагт 20 жил ажиллаж, зохиолыг нь өөрөө бичилцэж, найруулсан "Трио" УСК нь 5 тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн байна.
Тодруулбал, Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг энэ кинонд хөндсөн. “Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.