АЙЛЧЛАЛ: Гарын үсэг зурсан 9 баримт, бичиг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын үеэр Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар оролцов.
- Монгол Улс, ХБНГУ хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал:
Хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. Гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан анхдагч улс боллоо. Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.
- Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр:
Хэлэлцээр байгуулснаар ХБНГУ төдийгүй Европын бусад улс оронтой эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа гүнзгийрэхэд чухал түлхэц болно. Монголын тээвэрчид Европын орнуудад тээвэр хийх боломж улам нэмэгдэнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Ази-Европ хооронд дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам учир эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна.
- “Монгол-Германы Хархорин экспедиц”, “Монгол-Германы Орхон экспедиц”-ийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хоорондын тохиролцоо:
Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, Р.Херцог нарын ивээл дор эхэлсэн. 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй төслийн хүрээнд түүхэн дурсгалуудын байр зүйн зураг, малтлага хийх, олдворуудыг судлах, олон нийтэд хүргэх, үзэсгэлэн гаргах зэрэг цогц ажлыг гүйцэтгэдэг. Хамтын ажиллагааны гэрээг дахин таван жилээр сунгахаар тохиролцлоо.
- “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БШУ-ны яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2013 онд байгуулагдсан төрийн өмчийн их сургууль. Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотоодод бэлтгэх, судалгаа, инновацыг хөгжүүлэх, нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
ХБНГУ-ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүгийн дэмжлэгтэйгээр их сургуулийн оюутны байр болон сургалт, судалгааны байр барих төсөл хэрэгжиж байгаа. Хэлэлцээрийн дагуу сургуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд зориулан ХБНГУ-аас нэмэлт дөрвөн сая еврогийн санхүүжилт олгохоор боллоо.
- “Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
ХБНГУ шилжилтийн эхний үеэс эхлэн эрх зүйн тогтолцоог төгөлдөршүүлэх, хууль, шүүхийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлж ирсэн. Энэ дэмжлэгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх талаар хууль зүйн зөвлөгөө өгөхөд зориулан санхүүгийн тусламж үзүүлнэ.
- “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БОАЖЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Тусгай хамгаалалттай газар нутгуудад орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр тогтвортой менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Зөвлөх үйлчилгээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сонгосон сэдвүүдээр сайжруулах, байгаль орчны боловсрол, харилцаа холбоог сайжруулахад чиглэнэ.
- “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих нь II төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Энэ төсөл нь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой. Ингэснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх гол оролцогчдын чадавх, уялдаа холбоог бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэрэгслийг боловсронгуй болгоно.
- “Монгол Улсад тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Эрчим хүчний салбарыг шинэчлэхтэй холбогдуулан төр, хувийн хэвшлийн оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх, харилцан уялдааг сайжруулах ХБНГУ-ын Засгийн газар хоёр сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо.
- “Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах тухай” Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ХБНГУ-ын Пруссын Соёлын өвийн сангийн харьяа Берлин дэх үндэсний музейн нэгдлийн “Өвөг ба эртний түүхийн музей” хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг:
Төрийн тэргүүн нарын ивээл дор Монголын эртний нийслэл Хархорум, Орхоны хөндийн археологийн малтлага, судалгааны төслийн үр дүн болон бусад түүхэн сурвалжид тулгуурлан “Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг харуулсан биет үзэсгэлэн”-г 2026, 2027 онд Берлин, Бонн хотод хамтран гаргахаар тохиролцов. Энэ нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, түүх, соёл, уламжлалаа таниулах, европын аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно. Дээрх төслийн хүрээнд 2005 онд Бонн хотноо “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнг гаргаж байв.