Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав.
Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв.
2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулав.
Энэ онд тохиож буй “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.