ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцах юм байна.
Мөн Монгол, Германы холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар