Д.Түвшинсайхан: Хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд үргэлж хамт байдаг Ц.Батчулуун багшдаа Монголын ард түмний талархлыг өргөе
1993 онд анхны тоглолтоо хийж байсан Морин хуурын чуулга өнөөдөр Чингис хаан одонт боллоо. Одонг гардаж авсны дараа чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан үг хэлэв.
Тэрбээр "Суут Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр их алдраар овоглосон монгол төрийн тэргүүн зэргийн одонг хүртэж байгаадаа морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид, миний бие ихээр догдолж байна.
Хүн төрөлхтний буурал түүхэнд монголчуудын бий болгосон үлэмж их уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйлс бүдгэрэх, мартагдах, сэргэх олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр шинэ монгол, шинэ түүхэнд тодрон гэрэлтэж буй нь оюун санааны соёл уламжлалын асар их баялаг, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй.
Үнэхээр бид их хувь заяанд өсөж, өндийж, сурч боловсорч, бүтээн туурвиж яваагаа улам ихээр мэдэрч байна.
Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, дамжуулсан буурлууддаа, хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэл, чихэнд минь үргэлж хамтдаа эгшиглэх их хүмүүн, сурган хүмүүжүүлэгч, нэрт хуурч Ц.Батчулуун багшдаа Монголын ард түмний талархлыг хамтад нь өргөе.
Монгол түмний түүхийн аянд нүүдлийн зам бүтсэн соёлын ололт, ахуй болон өргөн их уудам талд тархан нутагшин уул ус, байгаль дэлхий, араатан, жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг эгшгээр илэрхийлэх болсон нь уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа бүхий л зүйл болой.
Морин хуур түүх, соёл уламжлалыг өөртөө шингээсэн онцлогтой хөгжим. Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах санааг буй болгосон их бурхад болох гурван эрхэмд гүн талархал дэвшүүлж байна. Алдарт хуурч Г.Жамъян, түүний шавь Ц.Батчулуун, эрхэм хүмүүн Н.Жанцанноров нарын ачтанууд оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.
Тиймийн тулд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг эрхэм зорилгоо болгож байна.
Монгол Улсын Засгийн газрын 1992 оны тогтоолоор Морин хуур чуулга байгуулагдаж, анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд ДБА-д хийж байв.
Түүхэн 30 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болон дорнын сэтгэлгээний онцлогийг шингээсэн баялаг урын сантай, дотооддоо бүрэн хэмжээний 5,000 гаруй, дэлхийн 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтыг толилуулсан билээ.
Биднийг дэмжиж байдаг, төр, иргэд, баттай ар тал болдог аав, ээж, гэр бүл, үр хүүхдүүддээ баярлалаа. Аливаа бүхэн яруу сайхнаар нийт сайн амгалан болтугай. Энэ их талархлаа эгшгэн илэрхийллээр төгсгөхийг хүсэж байна" хэмээлээ.