Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-нөөс Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Э.Бат-Эрдэнэ нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм.
2007 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Саудын Арабын Хааны гэр бүлийн Ханхүү бөгөөд Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа нь хоёр орны харилцаанд тохиож буй онцлог үйл явдал юм.