Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, Гадаад харилцааны сайдын санаачилгаар Монгол Улсад зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлж, чуулга уулзалт үр дүнтэй болж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Цар тахлын дараа эдийн засаг, худалдааг сэргээх, идэвхжүүлэх нь улс орон бүрийн чухал зорилт болж буй бөгөөд Монгол Улс Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй нь үүний нэгэн илрэл хэмээн онцоллоо.
Чуулга уулзалтын үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих Олон улсын худалдааны төвийн “SheTrades” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүлж байгаад баяртай байгаагаа хэлэв.
Энэхүү санаачилгын хүрээнд Монголын эмэгтэй бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бусад олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох, харилцан туршлага хуваалцах боломж нээгдэх юм.
Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвийн хүрээнд Монгол Улсад зохион байгуулж, ногоон болон цахим худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг хөндөж буй нь өндөр ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.
Олон улсын худалдааны төв нь Монгол Улсын үндэсний экспортын стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна.
Цаашид Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, урт хугацааны бодлогын хэрэгжилтэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Гүйцэтгэх захирал Памела Хамилтон илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төв нь худалдааг дэмжих, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Монгол Улсад чухал ажлуудыг хэрэгжүүлж ирсэн ойрын түнш байгууллага гэдгийг тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлэв.