Монгол, Франц Улс Хамтарсан ТУНХАГЛАЛ гаргалаа

2023 оны 5 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв.

Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц Улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов.

Тогтвортой хөгжил болон уур амьсгал, байгаль хамгааллын зорилтуудыг хангах, дэлхийн нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор Франц Улсаас зургаадугаар сард зохион байгуулах “Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээ” дээд түвшний уулзалтын зорилтыг Монгол Улс дэмжив.  Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр Ерөнхийлөгч илэрхийллээ.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов.

Тогтвортой хөгжил болон уур амьсгал, байгаль хамгааллын зорилтуудыг хангах, дэлхийн нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор Франц Улсаас зургаадугаар сард зохион байгуулах “Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээ” дээд түвшний уулзалтын зорилтыг Монгол Улс дэмжив.

Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр Ерөнхийлөгч илэрхийллээ.

Төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов. Олон улсын маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, чингэхдээ НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг зарчмыг баримтлах ёстойг дахин нотлов.

Үүнтэй холбогдуулан Украинд энгийн ард иргэдийн амсаж буй зовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад хоёр улс санаа зовниж буйгаа илэрхийлж, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжихээ тэмдэглэв.

Төрийн тэргүүн нар цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Солонгосын хойг дахь дээрх асуудлын ач холбогдлыг онцлов. Үүнтэй холбогдуулан Франц Улс НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хүндэтгэн мөрдөхийг БНАСАУ-д уриалж, Зүүн Хойд Ази дахь яриа хэлэлцээг дэмжих чиглэлээрх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв.

Хөгжил цэцэглэлт, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн эрүүл мэндийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны орон зайг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж, энх тайван аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Үүнд:

  1. Хоёр улсын хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, иргэний хамгаалалт болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, технологи, аж үйлдвэржилт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт бэхжүүлнэ.
  1. Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, улс төрийн зөвлөлдөх уулзалт, парламент хоорондын найрамдлын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжинэ.
  1. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүй, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, феминист дипломат үйл ажиллагаа болон олон улсын байгууллагын сонгууль зэрэг асуудлаар тогтмол зөвлөлдөнө.
  1. Батлан хамгаалах салбарт хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа жил бүр зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжинэ. Монголын цэргийн алба хаагчдын чадавхыг сайжруулах, франц хэлний сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр өргөжүүлнэ.
  1. Иргэний хамгаалалтын салбарт хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа гамшгийн хохирлыг бууруулах монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээрх мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулна.
  1. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Францын худалдааны эргэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийг онцгойлон дэмжинэ.
  1. Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тулгуурлан Монгол, Францын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх ерөнхий систем /GSP+/-ийг бүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
  1. Энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  1. Тогтвортой хөгжлийн салбарт онцгой ач холбогдол өгч, Франц Улсын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлнэ.
  1. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллана.
  1. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 10 дугаар сард Франц Улсын Клэрмон-Фэрран хотод болсон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочноор оролцсоныг сайшааж, мал аж ахуй, бүтээгдэхүүний гарал үүсэл, газар зүйн заалт, хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  1. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.
  1. Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог дэмжиж, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлнэ.
  1. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлнэ. Чингэхдээ хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч болон энхийн зорилготой цацраг идэвхт ашигт малтмалын салбарт боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлнэ. Франц Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжинэ.
  1. Соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлнэ. Францын Нант хотын Үндэсний түүхийн музейд дэлгэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч дэмжинэ.  Үзэсгэлэнг Монгол Улс болон бусад улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
  1. Кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах чиглэлээр ажиллана.
  1. Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болохыг дэмжинэ.
  1. Монголын тал Парис 2024 олон улсын олимпын наадам, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулахад францын талд амжилт хүсэж, биеийн тамир, спортын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647248
0 эможи

keyboard_arrow_up