Ерөнхийлөгч анхны хоригоо ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ тавих гэж байна

2023 оны 1 сарын 30

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТАД АРДЧИЛЛЫН ТАЛД ЗОГСОХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖИЙГ ОЛГОЛОО

Намрын чуулган хаахын өмнө Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүний заяагдмал эрхийг хязгаарлаж болзошгүй хуулийг баталсан нь ардчиллын эсрэг ухралт, дарангуйллын эхлэл боллоо гэдэгт уурссан, санаа зовнисон, харамссан иргэд цахимд болон бодитоор эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, үзэл бодлоо илэрхийлсээр байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр уг хуульд хориг тавихаар болсон тухай мэдээллээ. Тэрбээр, 2023 оны нэгдүгээр сарын 27-ны 18:10 цагт “Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ” гэж Twitter сүлжээнд жиргэсэн юм. Энэ нь ардчиллаас ухарч, хууль зөрчин хүний эрхийг хязгаарласан хууль баталсан Монголын парламентад алдаагаа засах хоёр дахь боломжийг олгосон хэрэг боллоо.

ЕРӨНХИЙЛӨГЧ ГИШҮҮДЭД АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖ ОЛГОХ НЬ

зураг

 

МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны хоригоо тавилаа. Ингэхдээ хүний эрхийн төлөөх байр сууриа бататгаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо.

Өнгөрсөн жилүүдэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөө хувиар хүний эрхийг хамгаалах, энх тайвныг уриалах асуудлаар үг хэлж, дэлхий нийтэд улс орныхоо эрх чөлөө, бие даасан хараат бус бодлогыг тунхаглаж байсан У.Хүрэлсүх энэ удаад МАН олонхоороо бүрдүүлсэн парламентад алдаагаа засах боломжийг олголоо.

Ерөнхийлөгч УИХ-ын завсарлагааны үед хориг тавивал ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцүүлэх, эсвэл ээлжит чуулганы эхний асуудал болгон оруулж ирэх боломжтой. Мөн хориг тавьсан хугацаанд хуулийн үйлчлэх хугацаа давхацсан бол үйлчлэлийг зогсоодог. Ингээд УИХ-аар хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хүлээж авахгүй гэвэл хууль хүчин төгөлдөр хэвээр үлдэж, эсрэгээрээ хоригийг хүлээж авсан бол УИХ-ын баталсан хуулийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, бусад шийдвэрийг хэлэлцэн баталж болох зохицуулалт бий.

Хүний заяагдмал эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг зөвхөн хоёр тохиолдолд л хязгаарлах боломжтой. Эхнийх нь шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож, ял эдэлж байгаа үед, нөгөөх нь улс орныг хамарсан онцгой нөхцөл үүсэж, ҮАБЗ-ийн шийдвэрээр Онц байдал зарласан үед мэдээллийг нэг сувгаар түгээх харилцааг зохицуулах хүрээнд хязгаарлаж болдог. Үүнээс өөр ямар ч тохиолдолд хүний эрхийг хязгаарлах боломжгүйг Монгол Улсын Үндсэн хуульд зааж өгсөн. Гэтэл энэ бүхнийг үл огоорон хууль зөрчин баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эргэн харж, алдаагаа залруулах боломж шүү гэдгийг сануулан ийнхүү хориг тавих болжээ. Браво, Ерөнхийлөгч өө. Мөн энэ хуулийн эсрэг санал өгсөн УИХ-ын 11 гишүүн одоо илүү тод дуугарч, хүчтэй байр суурь илэрхийлэх хэрэгтэй байна.

Төв Ази дахь ардчиллын баянбүрд болсон, хүний эрх, эрх чөлөөний бэлгэдэл хэмээгдэж буй Монгол Улсын нэр хүнд гадаад орчинд сэргэж, дотооддоо НҮБ-д таниулсанчлан “Монголын их амар амгалан” орших болтугай.

ХУУЛЬ БАТЛАХ ҮЙЛ ЯВЦ АЮУЛД ОРСОН НЬ ХАМГИЙН НОЦТОЙ ГАЖУУДАЛ ЮМ

2023 оны 01 дүгээр сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжлэг аваад “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцэж, ердөө нэг байнгын хороогоор хэлэлцүүлээд 20-нд баталсан. Мордохын хазгай гэгчээр судалгаа хийгдээгүйгээс гадна Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиглэлийн хууль учраас Хууль, зүй дотоод хэргийн яамнаас өргөн мэдүүлж, УИХ-ын Хууль, зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой байсныг хууль тогтоогчид "дэггүйтэж" батлав.

Гэрлийн хурдаар батлагдсан хууль олон нийтийн сүлжээний хүний эрх, ард иргэдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахдаа олон нийтийн дунд хэлэлцээ явуулаагүйг иргэдийн нийгмийн төлөөллийнхөн хүчтэй эсэргүүцсээр байгаа билээ. Мөн иргэний орон зайн ийнхүү халдсан тохиолдол анхны биш. Хуулийн судалгаа хийлгүй яаран оруулж батлуулаад, хэрэгжилтийн явцад засаж залруулдаг туршлага манайд “Ковидын” хуулиас эхтэй.

ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ ЮУ БАЙВ?

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх явцад ЦХХХ-ны сайд Н.Учралын дурдсан тав орчим тоо баримт нь өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх үед хийсэн судалгаануудтай тохирч байв. Цаашлаад хуулийг зургаан жилийн турш боловсруулсан гэх атлаа тухайлсан судалгааг хуулийн төслийн бүрдүүлбэрт оруулаагүй.

Мөн хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө батлах зайлшгүй шаардлагатай гэх энэ хууль нь “олон нийтийн сүлжээнд гурваас дээш хэрэглэгч харилцах” үед үйлчилнэ. Хүүхдийг хуурч мэхлэн нүцгэн зураг бичлэгийг авч, заналхийлж, гэмт хэргийн хохирогч болгох үйл явц хөндлөнгийн гуравдагч этгээдгүйгээр хувь чаатын харилцаанд үүсдэг эрсдэл бөгөөд энэ хуулийн гадна үлдсэн.

Харин дагалдаж нэмэлт оруулсан дөрвөн хуульд гол асуудал нуугдсаныг мэргэжлийнхэн онцолж байна. Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулж, "...нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй" нөхцөл байдалд дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын саналаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн болон бүхэлд нь хаахаар болгосон. Энэ хуулийн дагуу “болзошгүй нөхцөл байдал” гэдэгт яг ямар нөхцөлийг хэлэх тодорхойлолт байхгүй тул эрх баригчид үзэмжээрээ тоглолт хийх боломжтой болох нь. Түүнчлэн харилцаа холбооны сүлжээнд гар утас, интернэт, радио, телевиз, шуудан хүртэл багтдаг. Гэтэл эдгээрийг нэг сайдын саналаар бүхэлд нь хаах боломжтой болсон нь олон нийтэд айдас төрүүлсэн гол шалтгаан юм. Зүй нь бол Ерөнхийлөгч Онц байдал зарлахыг УИХ-аар батламжилсны дараа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг зарим талаар хязгаарлах боломжтой ч ҮАБЗ-ийн хэмжээний шийдвэрийг Засгийн газрын нэг сайд дангаараа гаргана гэдэг тогтолцооны гажуудал мөнөөс мөн.

Хуульд зөрчилтэй контент гэж тодорхойлсон 12 заалтын ес нь Эрүүгийн хуульд, хоёр нь Зөрчлийн тухай хуульд тусгасан агуулга оруулсан нь хуулийн давхардлыг үүсгэсэн байна.

Зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644332
0 эможи

keyboard_arrow_up