Үндэсний урлагийн их театр, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолборын ТЭЗҮ-ийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болжээ
Монгол, Хятадын Ерөнхийлөгч нарын хэлцэлд хүрсэн онцлох шийдвэрүүдийг хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Айлчлалын үеэр 16 баримт бичигт Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зуржээ. Эдгээрээс Үндэсний урлагийн их театрын болон Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолборын ТЭЗҮ-ийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэхүү спорт цогцолбор нь өдөрт 5,000-6,000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох аж.
Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжиж байна.
Түүнчлэн Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламжийг Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлээр барихаар болжээ.
Айлчлалын үеэр баталгаажсан баримт бичгийн жагсаалт:
- “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”
- “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”
- “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”
- “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”
- “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”
- “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”
- “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”
- “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”
- “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”
- “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулжээ.