Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил ажилласан Д.Нанжаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол ХҮРТЭЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
Энэ өдөр эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил ажилласан, “Эрчим төсөл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан ДАШЗЭВЭГИЙН НАНЖААД Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээлээ.
Д.Нанжаа нь 30 гаруй дэд станц, трансформаторын өртөөг байгуулахад идэвх санаачилгатай оролцож, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, III, IV Дулааны цахилгаан станцын өргөтгөл болон Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан байна.
Мөн алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлэхдээ тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
Түүнчлэн идлэг шонхор болон нүүдлийн шувуудыг хамгаалах 6, 10 Кв-ын агаарын шугамуудын хэрэгслийг зохион бүтээж суурьшуулан нэн ховор шувуудын зүй бус хорогдлыг бууруулж, олон арван эрчим хүчний шугам сүлжээ, цахилгаан станц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан барьж байгуулан, ашиглалтад оруулахад гар бие оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.
ВИДЕО: