Жэк Уэтерфорд: Дэлхий дээр хүмүүс мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хаан, түүний ард түмэн, хувь заяаг нь мэдсээр ирсэн
"Чингис Хаан" тэргүүн дээд одон хүртсэн анхны гадаад иргэн, Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд баярын сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр “Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна.
Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг. Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхдээ бодож огшиж байлаа. Намайг тийнхүү Монгол Улс руу нисэж ирэхэд дэлхий өөрийн өдөр тутмын амьдралаараа амьдарч л байсан. Монгол Улсад хэн юу хийж байгааг хэн ч төдийлөн сайн сонирхоогүй, мэдэхгүй байсан. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь уулс толгод дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд хүүгээ угтаж байсан байхдаа гэж би дотроо бодсон.
Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” хэмээсэн юм.