У.Хүрэлсүх: Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Алтан соёмбот Төрийн далбаа үеийн үед мандан бадарч байх болтугай
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцож, үг хэллээ.
Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бие бүрэлдэхүүнд хандан:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө залуу нас, зүрх сэтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,
Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчид аа,
Та бүхэнд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн болон Монгол Улсын Төрийн далбааны өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн юм.
Тиймээс Та бид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, ард түмнийхээ түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дууллаа ямагт өндөрт өргөж, хүндэтгэн залж, бишрэн дээдэлж явах учиртай.
Монголчууд бид эрт цагаас нааш төрийн туг, сүлдэндээ цог хийморь, амьдрал ахуй, буян хишиг, хувь заяагаа даатган, оройн дээд шүтээн хэмээн гүнээ хүндэтгэж, эрхт төрийнхөө эв нэгдлийн баталгаа, туурга тусгаар улсынхаа эрх чөлөөний бэлгэдэл хэмээн онголон тахиж, сүслэн залбирч ирсэн нандин сайхан уламжлалтай билээ.
Иймээс Монгол Улсын Төрийн далбааны өдрийг 2009 оноос эхлэн Монголын ард түмний Үндэсний их баяр наадмаар ёслон тэмдэглэж, улс орныхоо төрийн бэлгэ тэмдэг болсон Алтан соёмбот Төрийн далбаагаа цэнгүүлэн мандуулж, гүн хүндэтгэл илэрхийлдэг ёстой.
Энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий дахинаа сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёс, түүхэн уламжлалаа хүндэтгэн дээдлэх эх оронч үзлийг төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой юм.
“Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэж хэлдэг.
Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид сүр хүчээ илтгэн Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээр цэргийн ёслолын жагсаалдаа жигдрэн жагсаж байна.
Өндөр төрийн тэгш ойнууд таширлан давхцаж, өргөн түмэн хотол олноороо баярлан цэнгэж буй энэ цаг дор 4,000 гаруй цэргийн алба хаагч цэргийн ёслолын жагсаалд оролцож, монгол цэрэг, монгол инженерүүдийн ур ухаан, уран гараар бүтээсэн тусгай зориулалтын, шинэ загварын автомашинууд болон бусад цэргийн зэвсэглэл, техникийг ард түмэндээ анх удаа дэлгэн үзүүлж байна.
Монгол цэрэг – цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга хариуцлагаараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээгдэн, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явааг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Алтан соёмбот Төрийн далбаа үеийн үед мандан бадарч байх болтугай.
Монгол цэргийн яруу алдар бадартугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.
Ура нөхөд өө” гэлээ.
Цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 14 байгууллагын 4,000 гаруй алба хаагч оролцлоо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 07 дугаар сарын 10-ны өдрийг Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр хэмээн заасны дагуу 2009 оноос хойш Монгол Улсын Төрийн далбааны өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.