Ардын эмч Ж.Баасанхүү, Гавьяат малчин О.Дорж нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнаж байна.
Энэ өдөр хоёр эрхэм Хөдөлмөрийн баатар боллоо.
Жамъянжавын Баасанхүү
Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Жамъянжавын Баасанхүү нь Эрүүл мэнд, боловсролын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулахдаа нүдний бичил мэс заслыг хөгжүүлэх, орчин үеийн шинэ технологийг нүд судлалын салбарт нэвтрүүлэхэд чармайн ажиллаж, 1983 онд эх орондоо анх хиймэл болор суулгах мэс заслыг хийснээс хойш эдүгээ 8,000 гаруй хүнд болор суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Түүний олон мянган хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн, салбартаа олон улсын жишиг төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг гардан нэвтрүүлж, олон зуун нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн бэлтгэсэн нөр их хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Отгоны Дорж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Гавьяат малчин О.Дорж нь Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулжээ.
Түүний мал маллагааны дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэн ашиг шимийг нь дээшлүүлж, улс аймгийн аварга малчнаар шалгарсан амжилт, олон айл өрхийг малжуулахад 3,000 гаруй толгой мал өгч дэмжлэг үзүүлж, залуу малчдыг малч ухаанд дагуулан сургаж байгаа хичээл зүтгэл, хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарт оруулж буй бодит хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлэв.