Х.Баттулгын үед “Монголын төвийг сахих“ тогтоол цуцлагдаж, ОХУ-тай “хугацаагүй гэрээ” байгуулсан асуудалд У.Хүрэлсүх яагаад дуугарахгүй байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзсан. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.
Уулзалтаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
БАРИМТ:
Гэтэл “Монгол Улс байнга төвийн сахих” тухай Засгийн газрын 375 дугаар тогтоол 2015 онд гарсан бөгөөд тус тогтоолыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээр Х.Баттулга, У.Хүрэлсүх нар ажиллаж байх үед буюу 2020 онд “хүчингүй” болгожээ. Тус хүчингүй болгосон тогтоолд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 375 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.
Харин Х.Баттулгын урилгаар 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийж, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байв.
Гэтэл тус айлчлалын үеэр Х.Баттулга, В.Путин нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хооронд"-ын “хугацаагүй гэрээ”-нд гарын үсэг зуржээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус гэрээнд талууд бие биедээ мэдээлэл дамжуулах заалтыг мөн тусгасан мэдээлэл гараад буй.
Харин Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны Хурал 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр соёрхон батласан бол, манай УИХ дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталжээ. Ингээд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Энэхүү Х.Баттулгын үед "Монголын төвийг сахих" тогтоол цуцлагдаж, ОХУ-тай “стратегийн хугацаагүй гэрээ” байгуулсныг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудалд дууграагүй байж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах нь юу л бол.
Х.Баттулгын үед “Монголын төвийг сахих“ тогтоол цуцлагдаж, ОХУ-тай “ хугацаагүй гэрээ” байгуулсан асуудалд У.Хүрэлсүх яагаад дуугарахгүй байгаа вэ? Тус асуудлыг өнөөдөр болсон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын талаар үе үеийн Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хөндөөгүй байгаа нь өөрөө энэ асуудалд ашиг сонирхлын зөрчил байгаа юу гэсэн хардлага ч төрүүлж байна.