Ерөнхийлөгчийн хүү хуримаа хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгсөөд, докторын зэрэг амжилттай хамгаалсан. Тэрбээр Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байгаад өнгөрсөн жил Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн юм. Э.Эрдэнэ заяаныхаа ханийг сонгож, сүй тавьсан бөгөөд удахгүй хуримаа хийхээр төлөвлөжээ. Түүний сүйт бүсгүйг Ч.Ариунжаргал гэдэг. Тэд одоогоос хорь гаруй жилийн өмнө Сансарт айл хөрш амьдарч байх үеэс буюу хоёр настайгаасаа бие биенээ мэддэг, цэцэрлэгийн найзууд төдийгүй АНУ-д хамт сурч байсан аж. Хэдийгээр багын найзууд ч гэлээ дөрвөн жилийн өмнөөс албан ёсоор үерхэж эхэлжээ. Э.Эрдэнэ өнгөрсөн жил найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, тэд барууны жишгээр бөгж солилцож, сүй тавьсан. Залуу хосуудын хайр сэтгэлийн холбоог эцэг эх нь ч дэмжиж байгаа бөгөөд хурим найрыг нь хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.