Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын багш Ч.Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
Монгол Улсад инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан манлайлж, дээд боловсролын шаталсан тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт үр дүн, ашиг тусаа өгсөн олон шинэ бүтээл, оновчтой санаачилга гаргасныг үнэлж, Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.