ФОТО: Батлан хамгаалах салбарын багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд шагнал хүртээлээ
Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Тухайлбал, батлан хамгаалах салбарт тасралтгүй 57 жил ажиллаж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг их сургууль болгон хөгжүүлэхэд манлайлж, цэргийн бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл хурандаа Ядамын Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв.
Түүнчлэн ҮБХИС-ийн сургалтын чанар, багш нарыг заах аргаа дээшлүүлэх болон оюутны сурах үйл ажиллагааг ном, гарын авлагаар тогтмол хангаж, эрдэм шинжилгээний ажлын стандартчлалын тогтолцоо, “Батлан Хамгаалахын Их Сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад түүчээлсэн шинжлэх ухааны доктор, хурандаа Баасанжавын Өлзийхуяг, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлж, сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний бүх шатны нэгжид үр бүтээлтэй, тогтвортой ажилласан доктор, бэлтгэл хурандаа Жавзангийн Хүрэл нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагналаа.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- ҮБХИС-ийн Хуурай замын тэнхимийн багш, дэд хурандаа Лхагвадоржийн Сэрж-Очир
- ҮБХИС-ийн Ар талын тэнхимийн дарга Халтарын Эрдэнэчимэг
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн монгол хэлний багш Дамдинсүрэнгийн Болд
- ҮБХИС-ийн Цэргийн тогооч Мөөгөөгийн Саранцэцэг
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сургалт, аргазүйн Ахлах мэргэжилтэн Гунгаагийн Балжинням
- ҮБХИС-ийн Магистрын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Лхагвын Батжаргал
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- ҮБХИС-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Тогмидын Сүхбаатар
- ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор, хошууч Дэмбэрэлийн Идэшноров нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амжилт бүтээл арвинтай энэхүү сургуулийн их ойг тохиолдуулан хамт олныхоо сор манлай эрдэмтэн багш, ажилтан албан хаагчдын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээж буйдаа туйлын баяртай байгаагаа хэллээ. Эрхэм зорилгоо биелүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн, судалгаанд суурилсан их сургууль болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|