Цэц Х.Баттулгын хүсэлтийг дэмжсэнээ хүчингүй болгож, У.Хүрэлсүхийнхийг ёсоор болгов
Эхлээд Х.Батхулга Ерөнхийлөгч байхдаа 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт тавьсан. Цэц тэр хүсэлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч хэвээр байв. Тэгэхэд Цэц “...Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн” гэсэн 03 дугаар дүгнэлт гаргасан.
Харин УИХ тэрхүү дүгнэлтийг 2021 оны тавдугаар сарын 6-нд хэлэлцээд, хүчингүй болгосон тогтоол баталсан. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлт Цэцийн Их суудлын хуралдаан хүлээж шийдэлгүй үлдсэн байдаг. Их суудлаараа хэлэлцээгүй байж байтал Ерөнхийлөгчийн сонгууль болж УХүрэлсүх сонгогдсон.
Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Х.Батгулгын 2021 оны хоёрдугаар сарын 9-нд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ Цэцэд хүргүүлжээ.
Энэ дагуу Цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн баасан гарагт болжээ. Ингээд “...Цэц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов” гэсэн шийдвэрийг нийгэд танилцуулав.
Харин уг хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон гишүүд, нэр бүхий хуульчид Цэцийг “...Процессын хуулийн заалтуудыг зөрчсөн” гэж үзэж байна. Тодруулбал, Цэц нь УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэхгүйгээр хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хууль, Цэцийн процессын хуулийн заалтуудыг зөрчсөн.
Нөгөөтэйгүүр Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан. Нэгэнт Цэцийн процесс эхэлсэн бол, өөрөөр хэлбэл, 2021 оны дөрөвдүгээр сарын 28- нд дунд суудлаараа хуралдахаар танхимд орсноор хүсэлт гаргагч тал татгалзах боломжгүй болсон. Тэгэхээр Их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн татгалзах хүсэлтийг бус УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэх ёстой байжээ.
Яахав, энэ бүхний дүнд Цэц Х.Баттулгын хүсэлтийг дэмжсэнээ хүчингүй болгож, УХүрэлсүхийнхийг ёсоор болгочихож байгаа юм.
Харин гялайх юм нь Шүүхийн тухай хууль гацаанаас гарч хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин