Тав дахь Ерөнхийлөгчийн СҮҮЛЧИЙН УУЧЛАЛ буюу хуулийн тайлбарууд

2021 оны 6 сарын 29

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн баасан гаригт дуусгавар болсон. Тэрбээр буухаасаа өмнө сүүлчийн зарлигаа гаргаж, хорих ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн юм.  Ерөнхийлөгчийн  уучлалд,  ТЕГ-ын  дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Б.Галсансүх гэсэн хүмүүс багтсан байв.   Мөн анх удаа хулгайн хэргээр шийтгэгдсэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг уучилсан. Улмаар  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ШШГЕГ-аас уучлалд хамрагдсан хүмүүсийг энэ сарын 24-нд сулласан байна. 

Түүнчлэн, эдгээр 13 хүн дунд хүн амины хэргээр ял эдэлж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаж, суллагдсан гэх мэдээлэл гарч шүүмжлэл дагуулаад байна. ШШГЕГ-аас Б.Махбалыг суллагдаагүй болохыг мэдээлж буй. Гэхдээ Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлигийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргасан бололтой байна.  Б.Махбал нь 2018 онд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт  ял авсан юм. Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв. Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм. Мөн Дээд шүүх түүний хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 11 жилийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.  Тэгэхээр Б.Махбал одоогоор Дээд шүүхээс сонссон 11 жилийн ялынхаа дөрөв дэх жилийн ялыг эдэлж байгаа гэсэн үг. Хэрэв Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнийг суллаагүй харин ялаас нь хөнгөлөх уучлал үзүүлсэн бол Б.Махбалын  ял 2.8 жилээр хасагдсан гэсэн үг.  Түүний үлдсэн найман жилээс Ерөнхийлөгч Х.Баттулгын уучилсан 25 хувь буюу 2,8 жилийг хасвал Б.Махбал 5.2 жилийн ялтай үлдэж буй. 11 жилийн ялтай хүн нийт ялынхаа 50 хувийг эдэлсэн бол магадлангаар суллагдах магадлал туйлаас өндөр билээ.  Тэгэхээр Б.Махбал сая суллагдаагүй ч удахгүй суллагдах боломжтой болж байна.

Харин  олон нийт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын сүүлчийн зарлигийг  нэлээд шүүмжлэлтэй хүлээн авч байна.  Хүн амины хэрэг хийсэн хүнд уучлал үзүүллээ.  Уучлал үзүүлэх ёсгүй, хуульд энэ талаар заагаагүй гэх маргаантай асуудал нэлээд гарч байна.   Мөн талийгаач Г-гийн эхнэр У.Өнөрцэцэг “Хэрэв Б.Махбалыг суллаж байгаа бол гомдолтой байна. Гашуудлын нулимс хатаж дуусаагүй байхад алуурчин нь суллагдаж болох уу. Шударга бус байна” гэж тайлбарыг өгчээ.

Ерөнхийлөгчийн уучлалыг хуульд дараах байдлаар тусгажээ. 

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/-т  “уучлал үзүүлэх” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн нэг болохыг заасан байна.

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд

1. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.

2. Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл,уучлал үзүүлэхгүй гэжээ. 

Ерөнхийлөгчийн тухай хууль

15 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх

2.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд

155 дугаар зүйл.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох

155.1.5.ялтанд өршөөл, уучлал үзүүлсэн бол ялыг дуусгавар болгохоор заажээ. 

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч зарлигаа шууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, уучлалд хамрагдсан хүмүүс тэр өдрөө суллагдана гэсэн юм байна.

Өршөөл, уучлал хоёр нь өөр ойлголт бөгөөд өршөөл нь  УИХ-ын бүрэн эрх, уучлал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм байна.

Тэгэхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Эрүүгийн хуулд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг хэсэгчлэн чөлөөлж болно. Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт уучлал үзүүлэхгүй гэсэн заалтыг үндэслэн хүний амь нас хөнөөсөн Б.Махбалд уучлал үзүүлсэн байна. 

Хуулийн хүрээнд ямар нэгэн маргаан үүсэхгүй байж болох ч  Монгол Улсын Төрийн тэргүүний сүүлчийн зарлиг  ёс зүйгүй, арга ядсан уучлал байлаа.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628326
1 эможи

Зочин
2021-06-29 09:08
Жонхуу шиг хүн дахиж төрд бүү гараасай билээ бурхан минь
Х.Баттулга

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up