Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “малгай“ ҮАБЗ-ийн нэгдмэл байдлыг бэлгэдэв үү
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тангараг өргөхдөө билэгдлийн ямар дээл, хувцас, малгай сонгох бол гэсэн сонжоо иргэдийн дунд байсан.
Харин түүний хувцаслалт наанаа энгийн даруухан хэрнээ цаанаа ихээхэн утга учрыг агуулжээ.
МАЛГАЙ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есөн хөлт цагаан тугийн бэлгэдлийг шингээсэн, Монголын ахуй соёлыг харуулсан эмжээр бүхий үндэсний "Говь" брэндийн ноолууран малгайгаар гоёж, нүүдэллэж амьдрахад гайхалтай зохицсон гэр тэргийг малгайдаа дүрсэлж өгсөн нь олны харааг булааж байв. Түүнчлэн Монгол гэр, цэрэг жагсаалаа эл гурван морьтон тэргүүлж байна. Үүгээр ҮАБЗ-ийн гурван гишүүнийг бэлгэдэв үү гэлтэй.
БҮС
Бүсний ар дээр таван өнгийн торгон утсаар өнгө дагнасан гурван давхар зүү ороосон, алтан соёмбыг есөн бадамлянхуа дээр залж, ашид мандан бадрахыг билэгдсэн байна. Бүс нь зургаан өлзийн тоногтой, хамгийн зөөлөн тансаг эд болох торгон утас, хамгийн догшин хатуу эд болох ганг хоршуулан хийсэн нь арга бэлгэдлийн хослолыг илэрхийлжээ.
ГУТАЛ
Ээтэн монгол гутал нь газрын шороог сэндийчэхгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээсэн байдаг байна.