Ерөнхийлөгч 11:40 цагт тангараг өргөөд, УИХ-ын гишүүд, ард түмэндээ хандаж үг хэлнэ
У.Хүрэлсүх өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.
Ерөнхийлөгч, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9-ний өдөр болж, парламентад суудалтай гурван нам нэр дэвшүүлснээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.68 хувь буюу 823 326 иргэний санал авч тэргүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй ажээ.
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) сонгогчдын олонхийн санал (67.68 хувь) авсан У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон 57 тоот (2021-6-11) тогтоолыг гаргаж байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оноос өмнө 7 удаа болжээ. Энэ хугацаанд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга нар 1 бүрэн эрхийн хугацаа (4 жил) дуусгасан бөгөөд 2 дахь болон 4 дэх ерөнхийлөгч Н. Багабанди, Ц.Элбэгдорж нар 2 дахь бүрэн эрх (8 жил)-ээ хэрэгжүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй болсон бол П.Очирбат, Н.Энхбаяр нар дахин сонгогдоогүй юм.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байгаа У. Хүрэлсүхийн хувьд хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа 6 жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Мөн парламентад суудалтай намуудаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон бусад таван Ерөнхийлөгч нараас хамгийн өндөр буюу санал хураалтад оролцсон сонгогчдын 67.68 хувийн хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болжээ.