Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлчийн өдөр Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүн УУЧЛАЛААР суллажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх зарлиг өчигдөр гаргаснаар нэр бүхий 13 хүн суллагджээ.
Тэдэн дунд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар байгаа аж.
Ингээд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өчигдөр орой ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорих ангиас сулласан байна.
Б.Хурц нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хороосон хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон. Харин Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлчийн өдөр зарлиг гаргаж, дээрх хүмүүсийг суллажээ.