Улс төрийн намыг тараах “ЭРХГҮЙ“ Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь эсрэгээрээ ШҮҮХ ЗАСАГЛАЛД хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл БИШ ҮҮ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “МАН-ыг тараах тухай” захирамж гаргаж, уг захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлж байгаагаа мэдээлэв.
Тэрбээр "МАН Үндсэн хууль зөрчиж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж, Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах гэж оролдож буй тул Үндсэн хуулийн 19.1, 30.1, 33.2, 7.1, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн МАН тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон, захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр боллоо" гэж мэдэгдлээ.
Улс төрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэсэн заалттай бөгөөд Улстөрийн намыг тараах эрх зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг байна.
Мөн нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийг маш тодорхой зааж өгсөн билээ.
Түүний энэ бүрэн эрхийн дотор "Улстөрийн намыг тараах" тухай ЯМАР Ч ЗҮЙЛ ЗААЛТ байдаггүй юм.
Дүгнэж хэлэхэд, Улстөрийн намыг татан буулгах эрх зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг бөгөөд “МАН-ыг тараах тухай” захирамжийг УДШ-д хүргүүлсэн Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь эсрэгээрээ шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл мөн юм.