Ерөнхийлөгчийн уучлал буюу АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

ЖДҮХС-гаас зээл авч зориулалтын бусаар ашигласан хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн асан Г.Солтан наурызын баярын өдөр суллагдлаа. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд өршөөл үзүүлсэн нь олны анхаарал татав. Улс төр хөшигний ард ямар яриа явсныг мэдэхгүй ч  Ерөнхийлөгчийн хувьд олон нийтийн дунд оноо алдсан уучлал болсон нь тодорхой.  

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хамтрагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, гурван жил хорих ял шийтгэсэн юм.  Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг нь хүндрүүлэхгүйгээр бага зэргийн өөрчлөлт оруулахдаа Г.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.  Дараагийн шатны шүүх болох Улсын дээд шүүх Г.Солтанд холбогдох хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр хорих ялаа биечлэн эдэлж байв.  Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын өршөөлөөр ийн суллагдлаа.

ЖДҮ-гийн асуудал өмнөх парламентын шүдний өвчин байв.  Ерөнхийлөгч Х.Баттулга  чуулганы индэр дээрээс ЖДҮ авч ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан УИХ гэмт хэрэгтнүүдийн чуулбар боллоо, тарах ёстой гэсэн байр суурийг хоёр удаа илэрхийлж байсан нь ердөө саяхан.  Мөн  2020 оны УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон парламентын танхимд ч энэ асуудлыг хөндөж байсан билээ.  Гэвч байр суурь нь ингэтлээ өөрчлөгдөж, өөрөө гэмт хэрэгтнүүд хэмээн цоллож байсан хүмүүстээ өршөөл үзүүлэн суллаж байгаа нь  Ерөнхийлөгчийн ам, ажлыг зөрүүг харуулсан үйл явдал боллоо.

Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 23-ны чуулганы  хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож,  “УИХ-ын тар” гэдэг  шаардлагаа хоёр дахь удаагаа тавьсан юм. Ерөнхийлөгч “…2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮХС-гаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын таван хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна. 

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ...” гэж байв.

Мөн саяхан буюу 2021 оны гуравдугаар 18-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг тангараг өргөх үеэр УИХ-ын чуулганы хуралдаанд “Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гээд “ЖДҮ”-чдийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл гар гараасаа барьсаар байгаад, 50 орчим хүнээс хасагдсаар байгаад гурав, дөрөв нь л ял авсан” хэмээсэн байдаг.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үгээ хэлээд ердөө долоо хоногийн дараа л гурван шатны шүүхийн байгууллагаас ял оноосон Л.Солтанд уучлал үзүүлэв.  Ерөнхийлөгчийн ам ажлын  зөрүү ийм хол ажээ.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624945
0 эможи

Х.Баттулга

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up