Гадаад пасспорт авч байгаа иргэдийн дийлэнх нь Эрээн, Бээжинг зорьдог
Зуны улиралд гадаад паспорт шинээр авах болон сунгах иргэдийн тоо эрс өсчээ. Энэ жил ч ялгаагүй Иргэний бүртгэлийн газрын гадаад паспортын хэлтэс ачаалалтай ажиллаж байгаа аж.
2014 он гарсаар 71 мянган иргэн гадаад паспорт шинээр авсан бол 28 мянга гаруй хүн сунгалт хийлгэжээ. Иргэдийг хүндрэлгүйгээр гадаад паспорт захиалдаг болгохын тулд цахимаар захиалга хийх боломжийг судалж байгаа бөгөөд энэ ондоо нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн гараас гарт үйлчилгээг 1628 иргэн авчээ.
Энэ үйлчилгээ нь гадаад паспортын захиалга болон сунгалт хийлгэснийхээ дараа өөрөө очиж авах шаардлагагүй, хот дотор 3500, орон нутагт 5500 төгрөг төлөөд хоёр хоногийн дотор гэртээ хүргүүлэх боломжтой үйлчилгээ юм. Гадаад паспорт авч байгаа хүмүүсийн дийлэнх нь БНХАУ-ын Эрээн,Бээжин хотыг зорьдог байна.