Х.Баттулга ЦЕГ-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

2020 оны 7 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ нь Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр улс төрийн байгууллага адил ажилласан болохыг дурдаж, тус албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захилаа.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нь дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон учраас тус албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг огт буурахгүй, харин ч хүрээгээ тэлж байгаад цагдаагийн алба онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Дээрх төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил чухал үүрэг гүйцэтгэдэг учраас нийгмийг соён гэгээрүүлэхэд бүх түвшиндээ анхаарч ажиллах нь чухал байна гэсэн юм.

Улмаар өсвөр насныхны оролцож буй гэмт хэргийг бууруулахын тулд урлаг, спортын чиглэлээр тэдний идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангах, спорт, урлагийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих замаар тэмцдэг Ирланд, Норвег, Унгар болон бусад орнуудын туршлагаас судалж ажиллах чиглэлд холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтрахыг санал болголоо.

Түүнчлэн өнөөгийн нийгэмд архидан согтуурах, түүнээс үүдсэн гэмт хэрэг гаарч, төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг сануулав.

Уулзалтад ЦЕГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцлоо.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618684
2 эможи

Зочин
2020-07-25 16:46
зочин
2020-07-25 11:20
Дангаарөа уулзаж болдоггүй юмуу.Наад дэд сайд болсон нөхөр чинь цагдаагийн дарга байхад Батхүү нас бараад хэрэг нь илрээгүй гээ биздээ.Цагдаа урьд нь намын байгужллага шиг ажилласан нь наад дэл сайд болсон бохир нөхөртөй чинь холбоотой болохоос шинэ даргө залууд хамаагүй байхоо.Хуучин дарга байсан нөхрийг тэтгэвэр нь л гаргахгүй дэл сайд ч гэх шиг балай юм .
Зочин
2020-07-24 13:54
keyboard_arrow_up