ЦЕГ-ын дарга С.Баатаржав болон хурандаа Д.Гэрэл, М.Энх-Амар нарт “ГЕНЕРАЛ ЦОЛ“ олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ТЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, Цагдаагийн хурандаа М.Энх-Амар нар цэргийн дээд генерал цол хүртлээ.
Тодруулбал, Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав..
ҮЗЭХ:
Сайннямбуугийн Баатаржав нь Цагдан сэргийлэхийн дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи төгссөн. Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй бөгөөд Хууль зүйн ухааны магистр.
Ажлын туршлага:
1990-1995 онд Төв аймгийн цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаагч;
1995-1997 онд Мөн аймаг дахь цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
1997-1998 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч;
1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга;
1999-2002 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга;
2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч;
2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч;
2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;
2012 оны 03-09 дүгээр сард Улсын мөрдөн байцаах газрын дарга;
2012 оны 09 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;
2013 оны 07 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
2014 оны 08 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга;
2014-2017 онд Хууль сахиулахын Их сургуулийн захиралаар томилогдон тус тус ажилласан.
2017 оны 10 дугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургууль төгсөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байв.
Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Өдгөө ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй юм.
Хурандаа М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Сэлэнгэ аймагт багшилж байхдаа одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой танилцаж, өдийг хүртэл нөхөрлөж яваа аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|