Төрийн тэргүүн төсөлдөө ямар санаа агуулав
Сүүлийн гурван өдөр өндрөө авч, олны анхаарлын төвд орсон сэдэв бол Ерөнхийлөгчийн танилцуулсан санал буюу төсөл. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил сүүлийн гурван жил шахам үргэлжилж, энэ жил гараанаасаа хөдөлсөн. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажил нэг мөр цэгцэрч, нэгд үгээр хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэн билээ. Төсөл санаачлагч, хууль тогтоогчдын төлөвлөснөөр энэ сард багтаан хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ-аар батлах уу, ард нийтийн санал асуулгаар батлах уу гэдгээ эцэслэн шийдвэрлэх ёстой байлаа. Ийн нийгмийн захиалгыг гүйцэтгэх галт тэрэг замынхаа дунд явж байх үед Ерөнхийлөгчийн “санал” гэсэн толгойтой төслийг УИХ-д хүргүүлсэн билээ. Ингэснээр галт тэрэг түр зогсолт хийн ажлын хэсгүүд энэ талаар хэлэлцэн, санал бодлоо нэгтгэж эхлээд байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах эхний хэлэлцүүлгийг хийх явцад чимээгүй, нам гүм байсан Ерөнхийлөгч ажил ид өрнөж буй энэ үед 50 шахам заалт бүхий төслийг уншиж танилцуулснаар олон нийт хоёр хуваагдав.
Төдийгөөс өнөөг хүртэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэг байр суурь илэрхийлж, саналаа өгөөгуй атлаа ямар санаа агуулж гэнэт ийм төсөл танилцуулав. Үүнд энгийн иргэнээс шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэн хүртэл хариулт эрэлхийлж, цаад утга учрыг нь олохоор хэлэлцэн санал бодлоо солилцож буй.
ЕРӨНХИЙЛӨГЧИИН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ТӨСӨЛД НААШТАЙ ЗҮЙЛ БАЙВ УУ
Ерөнхийлөгчийн гаргасан санал, төсөлд авууштай, дэмжиж болох заалт бий ч үүний цаана хоёрдмол утга илэрхийлсэн, далд утга санаа агуулсан заалт ч, оруулсан байгаа талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн болон хуульчид тайлбарлаж байна. “Эцэг хууль”-д сонгуулийн холимог тогтолцоог зааж өгөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, хугацааг таван жил болгох зэргийг дэмжиж болохоор гэж үзэж байгаа юм.
Монгол Улсад сонгуулийн холимог тогтолцоо тохиромжтой, үүнийг сонгох нь зөв гэдэгт хуульч, эрдэмтэн судлаач, улстөрчид санал нэгдээд байгаа бөгөөд энэ талаар одоо хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Харин Ерөнхийлөгч үүнийг илүү тодорхой, шууд тусгаж өгөх хэрэгтэй хэмээн үзэж “УИХ нэг танхимтай, 108 гишүүнээс бүрдэх бөгөөд 54 гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, 54 гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” гэсэн заалт оруулахаар санал болгожээ.
Үүнийгээ тэрбээр “Парламент төлөөллийн байгууллага учраас хүн амын тоотойгоо уялдуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог 76 хэмээн тогтоож байхад Монгол Улс хоёр сая орчим хүн амтай байсан бол өдгөө гурван саяд хүрсэн. Энэ нь ийм өөрчлөлт хийх шалтгаан мөн” хэмээн тайлбарлаж буй. Мөн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг нэг жилээр нэмж, тав болгох нь дэвшүүлсэн бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа алдаа оноо, үр дүнг үзэх боломж олгож буй хэрэг хэмээн тайлбарласан.
ШҮҮХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ХЭСГИЙГ БҮХЭЛД НЬ ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ
Ингэснээр олон нийт, ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох заалтад гол анхаарлаа хандуулж, зөв, буруу хэмээн маргаж эхлээд байна. Үүний цаана давхар олон утга агуулсан маш будилаантай, хууль зүйн техник, онолын боловсруулалт муу, “өөхөнд боосон чулуу” шиг аюултай заалтууд санал, төсөлдөө оруулсныг хуульч, судлаачид анхааруулж, тайлбарлаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлдөө тусгасныг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан тодотгосон билээ. Тэрбээр “Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ, Ерөнхийлөгчийн төслийн 39/. Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монгол банканд төвлөрүүлэх юм байна .
/Ерөнхийлөгчийн төслийн 19-2/. Мөн Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан /Ерөнхийлөгчийн төслийн 19-1/ нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна” гэв. УИХ-ын даргад хүргүүлээд буй, дуулиан дагуулсан төслөөс гадна санал өргөн мэдүүлэх тухай албан бичигтээ Ерөнхийлөгч “УИХ-аар хэлэлцэж буй төслөөс 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг хасах санал гаргаж байна” гэсэн ганц өгүүлбэр шигтгэсэн нь 108 гэдэг тоонд халхлагдаж, хүмүүсийн анхаарлын гадна үлдээд буй. Олон нийт тоонд ач холбогдол өгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох нь зөв, буруу хэмээн маргахаас илүүтэй хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэх зорилгоор төсөлд тусгасан заалтуудыг хасах санал гаргасныг учрыг олж, хужрыг тунгаах нь зүйтэй болов уу. Төрийн тэргүүний “ад үзэн” хасахыг хүсээд буй заалтад юу гэж тусгасныг хүргэе. 49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараах журмаар байгуулна:
1/ Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;
2/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна;
3/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийт давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;
4/ Шүүхийн ерөчхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгоно. 49.6. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болсон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана.
49.7. Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч гурав нь хууль зүйн эрдэмтэн гурав нь иргэдийн төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.
49.8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хуулиар тогтооно.
51.1-Улсын дээд шүүх ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.
51.2. Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
51.3. Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.
51.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.
ХАСАХ САНАЛ ГАРГАСАН НЬ ЯМАР ШАЛТГААНТАЙ БАЙВ
Төрийн тэргүүн эдгээр заалтыг ийн хасах санал гаргаж буйг хуульч, эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр / ШЕЗ, УЕП, АТГ-г хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэлээрээ үг сөрсөн бүгдийг нам дарна. Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдэв. Тэрбээр УИХ-аар хэлэлцэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна.
Хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн энэ саналыг нь хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, намууд зэрэг бүх нөлөө бүхий хүнийг "бөлдөгдөж" өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Ерөнхийлөгчийн өөдөөс Ерөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно” хэмээн тайлбарлаж байна.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлээд буй төслөөс үүний нэгэн адил хуульчдын шүүмжлэлд өртөөд буй нэгэн заалт бол гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой хэсэг юм. Тодруулбал, “Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг үзэхэд УИХ, Засгийн газар хоёр хэрэггүй, Үндэсний хөгжлийн газар л хэрэгтэй гэчихсэн. Жишээ нь, Ерөнхий сайд томилогдчихоод мөрийн хөтөлбөр боловсруулах юм байна. Мөрийн хөтөлбөрөө эхлээд ҮАБЗ-өөр сайшаалгах ёстой. Үүний дараа Үндэсний хөгжлийн газар өгч сайшаалгах ёстой гэнэ. Тус хоёр байгууллага зөвшөөрвөл сая УИХ руу оруулна. Энэ хоёр газар баталчихсан тохиолдолд УИХ батлахгүй гээд яах юм. Хамгийн аюултай заалт нь энэ” хэмээн Үндсэн хууль судлаач О.Машбат тодотгосон билээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин