Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав
ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр /2017.09.06/ уулзав.
Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.
Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёулаа Төрийн тэргүүн болоод удаагүй байгаа учир харилцан бие биедээ баяр хүргэсэн юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь бизнесийн салбараас төрсөн улстөрч, УИХ-ын гишүүн, хоёр удаа сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд ажлаа амжилттай хийнэ гэж итгэж байна. Ялангуяа авлигатай тэмцэх, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй хүний хувьд энэ талаараа бид хоёр адилхан гэж бодож байна.
Монгол Улс, БНСУ-ын хооронд хэл, түүх, газар зүйн хувьд ижил төстэй зүйлс байдаг учраас ах дүүс гэж боддог. Монголоос олон хүн БНСУ-д ажиллаж,амьдарч Солонгосын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа.
Бидний уулзалт хоёр орны харилцааг улам хөгжүүлэх сайхан уулзалт болоосой гэж хүсч байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ыг асар богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд улс орон маань хөгжиж монголчууд тус улсад ажиллах гэж биш жуулчилж очдог болох цаг ойрхон байгаа гэж боддогоо хэллээ. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсэв.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулах болон тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогодоо анхаарна хэмээн амлав. Мөн Зүүн Хойд Ази түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж Монголын талын Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга болон Түмэн голын төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцав.
Хоёр орны Ерөнхийлөгч бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд бие биеэ тун удахгүй харилцан айлчлал хийхийг урилаа.
Нийтэлсэн: Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба