Дуусаагүй төмөр замын ДУУССАН ХЭРЭГ
Төмөр замын 280 сая ам.долларын гэх хэргийг өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь нийгмийн сүлжээнд олны анхаарал татсан сэдэв болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож байсан эл хэрэг хэрхэн шийдэгдэх талаар хүлээлт өндөр байсан учраас тэр.
Тэгвэл хэргийн талаар товчхон сануулъя.
Гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Түүнчлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн түүхтэй.
Тодруулбал, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын зөвлөх, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилсан гэдэг.
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүнд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дурдагдаж байсан билээ.
Тэгвэл уг хэргийн холбогдогчдод хамаарах хэргийг Сүхбаатар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 31-нд шүүж, төмөр зам тавих зургийг дахин хийж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Харин 2017 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулж, удалгүй Зам, тээврийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А. Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан гэдэг.
БНСУ-ын иргэдийн хэргийн тухайд өнгөрсөн Баасан гарагт Дээд шүүх хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ингэхдээ Лий Жон Ёлыг цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Энэ хэргийн талаар нэг хэсэг нь “Ерөнхийлөгч болмогцоо төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгож, 280 сая ам.доллар салхинд хийслээ” гэж байгаа бол нөгөө хэсэг нь эсрэг байр суурьтайг олон нийтийн сүлжээнээс харж болно.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ямар байр суурьтай байсан хийгээд байгаа талаар телевизэд өгсөн дөрвөн ярилцлагаас нь тоймлон хүргэе.
НЭГ. НЭГ КМ ТӨМӨР ЗАМ 2.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨӨР БОСНО
2011 оны тавдугаар сарын 20-нд “С1” телевизийн сурвалжлагын үеэрх тодруулга:
“Төмөр замыг дагаад сүхбаатарчууд зүүн бүсийн болон бусад хөрш аймагтайгаа худалдаа хийх, зорчиход хөнгөвчлөгдөнө. Дэд бүтэц шийдэгдэхэд эдийн засаг дагаад шийдэгддэг уламжлалтай. Улс орон, аймгуудад байгаа газрын баялаг эдийн засгийн эргэлтэд орох үйл явц хурдсаж байгаа юм. Ухаа худагийн уурхайгаас л гэхэд нүүрсээ 360 км замд машинаар тээвэрлээд дахин галт тэргэнд ачиж байгаа нь өртгийг маш ихээр өсгөж байгаа. Төмөр зам тавигдвал эдийн засаг хөгжинө” хэмээн ярьж байжээ.
Уг мэдээгээр төмөр замын ул шорооны ажлыг 5-6 сард бүрэн хийж дуусгах боломжтой бөгөөд нэг км төмөр зам 2.5 сая ам.долларын хөрөнгөөр босож, 2.5 жилд хийгдэж дуусах тухай дурдсан байна.
ХОЁР. "УЧРЫГ НЬ ОЛДТОЛ ЧИ МОНГОЛД ИРЭЭД ХЭРЭГГҮЙ”
2016 оны хоёрдугаар сарын 24-нд “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орж байхдаа:
Сайд байхдаа “Маккензи” компанийг ямар ч тендергүйгээр сонгон шалгаруулаад тус компанид өгөх байсан 2.6 сая ам.долларыг өөрийн зөвлөх байсан “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбатад шилжүүлсэн тухайд:
“Тэгж бичээд байгаа юм. Хуулиараа сайд хүн мөнгөний асуудлыг шийдэж, гарын үсэг зурдаггүй. Төрийн нарийн бичгийн дарга зурдаг. Сайд бол бодлогын ажлаа л хийгээд явдаг. Гарын үсэг зурлаа гэхэд яаман дээр мөнгө байдаггүй. Төмөр замтай холбоотой бүх зүйл банкаар дамжиж байгаа. Банк ямар мөнгө явж байгааг шалгах байлгүй дээ. Дансууд нь хүртэл бичээстэй байгаа. Хэвлэлүүдээр эхлээд 140 сая ам.долларын тухай бичигдсэн. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэр бичсэн шиг нь ийм мөнгө дансаар орж, гарсан бол намайг ёстой интерполоор барих байсан байх. 140 сая доллар нь 80 сая доллар болоод сүүлдээ 800 мянга болчихсон явж байх шиг байна.
Намайг ЗТБХБ-ын сайд байхад төмөр замын төсөл дээр мөнгө өгөөгүй. Дараа нь А.Гансүх сайд болоход 200 сая доллар өгсөн. Түүгээр хийсэн бүтээн байгуулалтыг нь очоод үзэх хэрэгтэй. Япончууд саяхан ирээд “Ийм их юм хийчихсэн юм уу” гэсэн гээд Асашёорюү твиттерээрээ явуулаад байсан шүү дээ.
200 сая доллараар юу хийж болох вэ? Дундаас нь мөнгө авах ямар ч үндэслэл байхгүй. Нийт 900 сая долларын өртөгтэй төслийн 200 сая доллар нь л бүтсэн. Энэ мөнгөөр далан л барина шүү дээ”.
“МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгтэй холбогдуулаад таны зөвлөх асан Ч.Ганбат гадагшаа зугтаад явсан, интерполоор эрэн сурвалжилж байна гээд АТГ мэдэгдээд байгаа тухайд:
“АТГ-аас интерполд мэдээлэл өгөөгүй, цагдаагаас мэдээлсэн юм билээ. Танай нэвтрүүлэгт түрүүн нь ороогүйн учир нь “Нэвтрүүлэгт орно, асуултад хариулна” гэдгээ хэлж, байцаагчаас зөвшөөрөл авсан. Сэжигтэн гэж байгаа үед хамаагүй илэн далангуй яриад байж болохгүй учраас.
Ч.Ганбатын тухай ярихад, гадаадад ажлаар явж байхад нь энд компани дээр нь очоод бүх юмыг нь хураан авч, лацдаад, шууд интерполд өгчихөж байгаа юм. Ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Өөрөө зугтаж гараагүй. Гадаадад явж байхдаа надаас асуусан л даа, "Яах вэ?" гээд. “Энд улс төр явж байна, над руу чиглэсэн. Учрыг нь олдтол чи Монголд ирээд хэрэггүй” гэж би хэлсэн. Ганбатыг интерполоор зарлах зарлахдаа улаан хуудсанд тавьсан гэж байгаа. Зүгээр л захиалгат ажил гэж би бодож байгаа”.
ГУРАВ. "ДАЛАН ОВООЛСОН ШОРОО МИНИЙ ҮЕД ЭХЛЭЭГҮЙ"
2018 оны аравдугаар сарын 16-нд МҮОНТВ-ээр
“Далан овоолсон шороо миний үед эхлээгүй. Миний үед төмөр замын бодлого батлагдсан. Дараа нь сонгууль болсон. Дараагийнх нь сонгуулиар ҮАБЗ-д нарийн бичгээр ажиллаж байгаа А.Гансүх сайдаар очсон. Тэр үед бондын мөнгөнөөс 280 сая доллар өгсөн. Тэр мөнгөөр далан бариад дуусгасан. Одоо үүнд дахиад мөнгө хэрэгтэй.
Төмөр зам тавигдах ёстой. Шийдвэр гарсан. Хавар ажил эхлэх болов уу гэж бодож байна. Бодлого гаргасан сайд нь би. Мөнгө төгрөгийг Н.Алтанхуяг сайд дэмжээд, А.Гансүх эхлүүлээд явсан".
ДӨРӨВ. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОНГУУТАА БИ ЗОРИУДААР А.ГАНСҮХИЙГ ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТАВЬСАН
2018 оны аравдугаар сарын 29-нд “C1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр
"Алтанхуягийн Засгийн газар 200 сая орчим ам.долларыг хуваарилсан. Ингээд бүх ажил зогссон. Үндсэндээ нэг тэрбум ам.доллараар баригдаж дуусах төсөл байсан.
Надад төмөр замын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээгүй. А.Гансүх дээр хэрэг үүсээд гурван жил болж байна. Хэрэг нь хаагдаагүй.
Ерөнхийлөгч болонгуутаа би зориудаар А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар тавьсан. А.Гансүх хуульч, хонгилоор орсон хүн. Хонгилоор ороод үзнэ гэдэг чинь бид нарын дайсан хэн бэ, Монголыг хөгжүүлдэггүй бодлого хэн бэ гэдгийг харсан учраас томилсон. Өөрөө ярих байх. Би Гансүхэд итгэдэг" гэжээ.
Эх сурвалж: IKON.MN ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|