ШХАБ : Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

2018 оны 6 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотноо хүрэлцэн ирээд байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын  төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтад өнөөдөр оролцлоо.

Arslan.mn

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг анх удаагаа энэ уулзалтад оролцож байгаад талархлаа илэрхийлсэн юм. Уг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Ши Жиньпин,

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар дөрөв дэх удаагаа уулзаж байгаад баяртай байна.

Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэ бодлого амжилттай хэрэгжиж, хөршүүдтэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд Монголын тал сэтгэл хангалуун байдаг.

Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буй нь гурван улс хоорондын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлж байна гэж би үздэг. Тиймээс ч гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтад оролцож, гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар та бүхэнтэй санал солилцох боломж тохиож буйд баяртай байна.

Өнгөрсөн хугацаанд гурван талаас гаргасан хүч чармайлт, санаачилгын дүнд гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлсэн билээ.  Гурван талт хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон “Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг тогтсон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг байгуулсан нь том амжилт мөн.

Эдгээр чухал баримт бичгийг байгуулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Одоо тэдгээрийг бодитойгоор хэрэгжүүлэх ажилд илүү анхаарал хандуулах цаг болсон гэж үзэж байна. Тийм учраас энэ удаагийн уулзалтаар дараах асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрэхийг хүсч байна. Өнөөгийн хүрсэн тохиролцооноос нэг ч алхам ухрахгүй юм.

 Нэгдүгээрт, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэх:

Гурван талын үзэглэсэн “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай. Хамтарсан механизм бий болж байж гурван талын хооронд уулзалт, мэдээлэл солилцоо идэвхжиж, хэрэгжих явцыг түргэтгэх юм.

Нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүд, тухайлбал Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгохын төлөө илүү их идэвх чармайлт гаргахыг уриалж байна. Тухайлбал, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд хурдны авто зам барихад гурван улсын Засгийн газрын оролцоог шууд, тэгш хэлбэрээр хангаж, төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх саналыг миний бие дэвшүүлж байна. Гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой.

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг гурван тал соёрхон баталж, удахгүй хүчин төгөлдөр болж байгаа нь уг замыг ойрын хугацаанд барих таатай нөхцөл бүрдүүлнэ хэмээн итгэж байна.

Цаашид Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн нарийвчилсан судалгаа хийх, эдийн засгийн үндэслэлийг сайтар боловсруулах  үүднээс Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулахыг яаравчлах нь зүйтэй гэж үздэгээ дашрамд илэрхийлье.

Хоёрдугаарт, гурван талт хамтын ажиллагааны бусад чиглэл, механизмын тухайд:

Цаашид гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэлийг хангах хүрээнд гурван улсын Тээврийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэд бүтцийн төслүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой тус механизмыг тогтмолжуулах саналтай байна.

Аялал жуулчлал нь гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой салбар бөгөөд Цайны замыг сэргээх тал дээр гурван тал анхаарч байгаад баяртай байна. 2019 онд болох “Silk Way” авто замын уралдааныг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх асуудалд хоёр хөршийн тэргүүн анхаарал хандуулж өгнө үү гэж хүсье.

Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг орос, хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна.

Эрхэм нөхөд өө,

Хөрш гурван улсын хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэд аваачих боломж бидний өмнө нээлттэй байна. Монголын ард түмэн олон жил яриа хэлцлийн түвшинд өрнөсөн гурван улсын хамтын ажиллагаанаас бодит үр дүн, хэрэгжилтийг хүлээж байгаа. Тийм учраас бодит хэрэгжилтийн төлөө миний бие эрхэм Ши Жиньпин дарга, эрхэм В.В.Путин Ерөнхийлөгч нартай ойр дотно, идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

Энэ зорилтын төлөө байнгын холбоотой, хугацаатай, уялдаатай ажиллах хатуу үүргийг гурван улсын холбогдох байгуулгуудад өгч, шуурхай хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг санал болгож байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох бололцоог судалж улс төрийн хүрээнийхэн олон нийтийнхээ санаа бодлыг сонсож, хэлэлцүүлэг эхлээд байна.

Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд ч манай гурван улсын хамтарсан Эдийн засгийн коридор хөтөлбөр хэрэгжинэ гэсэн итгэл нийт Монголчууд найдаж байна.2015 онд Уфад, 2016 онд Ташкентэд болсон гурван талын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин Та “Гурван талын хамтын ажиллагааг ШХАБ-ын хүрээнд өргөжүүлэх” талаар хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч ноён  В.В.Путин мөн адил дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58279
0 эможи

Huchirhiilegch battulga
2018-06-10 04:21
Mongoliig mini hujaad ogch baigaa battulga omdondoo baachihsan yum shig zogsoh yumaa
keyboard_arrow_up