“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байгууллага, эздэд “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа.
Шагналыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.
МУИС-ийн номын сан дэлхийн жишигт нийцэхүйц бүтээн байгуулалт болж, өнөөдөр 100 мянга орчим уншигч цугладаг номын сан болжээ.
Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр шагнах тухай зарлиг гаргасан юм.
Зарлигт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 255 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2017 оны шагналаар,
Агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийн орон сууцны хэрэгцээг хямд төсөр зардлаар хангах эдийн засгийн үр өгөөж бүхий, барилгын салбарын орчин үеийн шаардлагыг иж бүрэн хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, улирал харгалзахгүйгээр ажиллах боломжтой, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, нийгэм, эдийн засаг, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалт – “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I”-ийг,
Монголын дээд боловсролын төдийгүй номын сангийн салбарын нүүр царай болохуйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, барилга байгууламж бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон, хөрөнгө оруулалтын дийлэнхийг их сургууль өөрийн нөөц бололцоогоор шийдэж, зураг төсөл, барилга байгууламж, засал шийдэл зэрэг бүхий л ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгэн бүтээн байгуулсан, монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалтыг,
Орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, аймгийн төвийн сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор орон сууцжуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд жишиг болохуйц бүтээн байгуулалт өрнүүлж буй Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг тус тус шагнасугай” гэжээ.
Зарлигийг уншиж сонсгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардуулж, үг хэлэв.