Монгол Улсын Ерөнхийлөгч Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхокийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Грегори Гөүлдхокийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөж эх орондоо бүрмөсөн буцаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсыг Канадын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж авах онцгойлох орнуудын жагсаалтад оруулан батлахад Элчин сайд хувь нэмрээ оруулсанд талархаж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн хоёр орны хооронд өнгөрсөн жил өндөр дээд хэмжээний айлчлалууд болсныг тэмдэглэв. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд Канадад, Канадын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсад айлчилсан юм. Монгол Улс эдийн засгийнхаа хөгжлийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарч буйг тэмдэглэж хөдөөгийн хөгжил, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарт хөрөнгө оруулах талаар хамтран ажиллах боломжтойг дурдав. УИХ-аар саяхан Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай зэрэг хуулийг баталсныг мөн онцолж байлаа.
Элчин сайд Грегори Гөүлдхок Монгол орон бол ардчилал, хүний эрхийг дээдлэгч, сайн засаглалтай орон болохыг тэмдэглээд эх орноо Монголд төлөөлөн суух хугацаанд нь эдийн засаг хурдацтай хөгжсөн орон болсныг онцолж байсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны эдийн засгийн харилцаа, ялангуяа хувийн хэвшлийн түншлэл чухал болохыг хэлээд Элчин сайдад цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.