Монгол Улсын Ерөнхийлөгчид Киргизийн Ерөнхий сайд бараалхав

2014 оны 7 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев бараалхав.

Эрхэм зочин уулзалтын эхэнд Киргизийн Ерөнхийлөгч А.Атанбаевын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулж, тус улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд хийсэн айлчлалыг өндрөөр үнэлж байдгийг хэллээ. Мөн ирэх есдүгээр сард Киргизэд болох Бүх дэлхийн нүүдэлчдийн наадамд Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьсан урилгыг дамжууллаа. Тус наадамд Турк, дундад Азийн орнууд оролцож бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зэрэг нүүдэлчдийн уламжлалт наадмаар наадах юм байна.

Киргиз улс ардчилал, зах зээлийн Монгол загвар, ялангуяа хүний эрх, ардчилсан шударга сонгуулийн туршлагаас хуваалцаж, илүү ихийг суралцах сонирхолтой байдгийг Ерөнхий сайд Д.К.Оторбаев илэрхийлж байлаа. Хоёр улс зан заншил, амьдралын хэв маяг, соёл, түүх гээд олон зүйлээр ижил төстэй тул ардчиллын Монгол загвар Киргизэд илүү нийцтэй гэдгийг тэрээр онцолж байсан юм. Мөн хоёр орон уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдав. Киргиз орон цаг агаарын хувьд тааламжтай тул Монголын бизнес эрхлэгчид очиж хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлбэл тохиромжтой болохыг ч онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогчдын үнэн зөв, бодит бүртгэл, сонгуулийн цахим хэлбэр нь ардчилсан шударга сонгууль явуулахад нэн түрүүнд чухал болохыг хэлж байсан юм. Тэрээр мөн хоёр орны хооронд төлөөлөгч солилцож байх нь туршлагаа хуваалцахад чухал ач холбогдолтой гэж байв. Ялангуяа ард нийтийн төлөөлөл болсон Парламентын гишүүдийн солилцоо чухлыг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч цааш нь Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа талаараа тайлбарлав. Энэ хүрээнд Шилэн дансны тухай хуулийг УИХ-аар батлуулж, Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг өргөн барьсан, мөн Томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон Захиргааны ерөнхий хуулийн  төслийг боловсруулаад байгаагаа танилцууллаа. Мөн Монгол Улс сонгуулийн ардчиллаас шууд ардчилалд шилжиж, иргэдийн оролцоог илүү хангах чиглэлээр ажиллаж буйг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Киргизийн Бишкек хотноо нээх гэж байгааг мөн дурдав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5662
0 эможи
keyboard_arrow_up