Ерөнхийлөгч малчин айлд зочилж, Өлгийчүүдтэйгээ уулзав

2014 оны 7 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн тахилгат Алтай ханы Таван богд хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцсоныхоо дараа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин Батчулуун болон Халифагийнд тус тус зочилсон юм. Энэ үеэр нутгийн иргэд үе улиран шүтэж дээдэлж ирсэн Монгол алтайн өндөрлөг Таван богд уулыг төрийн тахилгат болгох иргэдийн санаачилгыг хүлээн авч, улмаар төрийн тахилгат хайрхан болгох зарлиг буулгаж ийнхүү байгаль дэлхийгээ баярлуулан төрийн ёс үйлдсэнд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн манантай бүрхэг байсан Таван Богд хайрхан Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэнгүүт ойрд цэлмээгүйгээр цэлмэж нар гарсанд нутгийн зон олон ихэд бэлгэшээж буйгаа хэлсэн юм.  

Малчин айлуудад зочлох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголчуудаа морио унацгаая” хэмээх уриалга гаргасан бөгөөд нэгдүгээр ангид элсэн орж буй малчдын хүүхдүүдийн өмнө тулгамддаг бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч малчин айлд зочлоходоо улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар болон бусад олон сэдвээр ярилцаж цугласан иргэдийнхээ асуултад хариулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн тахилгад оролцоод буцахдаа энэ үеэр тохиож буй Баян-Өлгий аймгийн баяр наадмын баярын хуралд оролцож үг хэлсэн юм.

“Би Баян-Өлгий аймагт ирж, Баян-Өлгийнхөө ард иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай Баян-Өлгийчүүд, энд амьдарч байгаа ард иргэд маань хэзээнээс Монгол орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ аз жаргалант сайн сайхан амьдралын төлөө тэмцэж, зүтгэж ирсэн баатарлаг уламжлалтай ард түмэн. Энэ сайхан уламжлал өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгаа.

Баян-Өлгий аймгаас, манай Өлгийчүүдийн  дундаас олон хүн улс орныхоо төрийн өндөр цол хүлээж ард олныхоо бахархал болж явдгийг энд цохон тэмдэглэхэд их таатай байна. Энэ удпаагийн баяр наадам их онцлогтой болж байгаа. Манай Баян-Өлгийчүүдээс гарсан санал хүсэлт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уламжлагдан ирж “Монгол орны хамгийн өндөр цаст хайрхан болсон Алтай Таван Богд хайрханаа төр түмнээрээ тахья, өмнө нь олон зуунаар ард түмэн маань тахиж ирсэн уламжлалаа сэргээе, Ерөнхийлөгч зарлиг буулгаж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн. Ингээд 2012 онд Алтай Таван Богд хайрханаа тахих зарлиг гарсан. Үүний дагуу сая 2014 оны 7 сарын 3-ны билэгт сайн өдөр тахилга маань ёслол төгөлдөр боллоо. Нутгийн ард иргэд маш их талархалтайгаар хүлээж авлаа. Уул хангай, Алтай хархан маань ч маш сайхан хүлээж авлаа. Алтай Таван Богд маань 13 оргилоос бүрддэг, Монгол түмний нүүдэлчин сёолын, энд амьдарч байгаа манай казах, уринахай, тува, дөрвөд түмэн гээд олон ардыг маань үеийн үед ивээж ирсэн оргил билээ”  хэмээн их хайрханы тухай, хүн байгалийн хүйн холбооны тухай, монгол соёл хийгээд байгаль орчны бодлогын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж нутгийн зон олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дараа нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,  УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нарын зочид төлөөлөгчид Баян-Өлгийн ард иргэддээ зориулж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5535
0 эможи
keyboard_arrow_up