Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Khaan Quest-2014” ажиллагааны хаалтын ёслолд оролцлоо

2014 оны 7 сарын 02

“Khaan Quest-2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын хаалтын ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Өнгөрсөн зургадугаар сарын 20-нд нээлтээ хийсэн уг арга хэмжээнд нийт 23 орны 1200 орчим цэрэг дайчид оролцож команд-штабын сургууль, хээрийн сургалт, дадлага, эмнэлгийн хамтарсан ажиллагаа, барилгын хамтарсан ажиллагаа зэрэг үйл ажиллагаанд хамрагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Khaan Quest-2014” ажиллагааны хаалтын ёслолд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ

“Эрхэм генерал, офицер, ахлагч нар, энхийг сахиулагчид аа!

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёдоо!

Юуны өмнө дэлхий дахины энхийн үйлст зорилго нэгдэж “KHAAN QUEST-2014” энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагад цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнууд, түүнчлэн энх тайвны үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар манай сайхан оронд морилон саатсан эрхэм та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж даян дэлхийд энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд Тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Дэлхий ертөнцийн энхийн төлөө зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан энхийн элч та бүхэн сургалт, дадлагад хамрагдан мэдлэг туршлагаа арвижуулахын зэрэгцээ нүүдэлчин соёл иргэншлийн хосгүй өвийг өнөө хэр нь уламжлан хадгалж үлдсэн монгол туургатны зан заншил, ахуй соёл, түүх цадигтай багахан ч болов танилцаж, амьдралдаа үргэлжид дурсагдах гэгээн бүхнийг сэтгэлдээ тээн улс түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийн гүүр, эрхэм дотны анд нөхөд болон ижилдсэн гэдэгт миний бие итгэлтэй байна.

Монгол Улс ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэн хөгжихийн зэрэгцээ дэлхийн бусад орнуудтай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож даян дэлхийн шударга улс түмнүүдтэй харилцан эрх тэгш, энх тайвнаар зэрэгцэн оршиж энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж байна.

Бид дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар зөвхөн хөндлөнгөөс байр сууриа илэрхийлэгчийн хувиар биш, харин хэцүү хатуу гэж шантралгүйгээр бодитоор үйл ажиллагаанд нь оролцож, чадах бүхнээ хийхийг чухалчилдаг. Монголчууд хэзээнээс ядарсан зовсон нэгэндээ сэтгэлийн гүнээсээ итгэлийн халуун гараа сунган тусалдаг уужуухан сэтгэлтэй, холч ухаантай ард түмэн билээ.

Манай энхийг сахиулагчид НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгааг НҮБ болон хамтран үүрэг гүйцэтгэсэн улс орны төр, засгийн удирдлагууд, цэргийн мэргэжилтнүүд удаа дараа өндрөөр үнэлж байсан. Энэ бүх амжилт нь энхийг сахиулагчдад мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг, дадлага туршлага, тэсвэр хатуужлыг суулган өгч байдаг “KHAAN QUEST” олон улсын сургалт, дадлагаас эхтэй юм.

Энхийг сахиулагчид цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй орчинд үүрэг даалгавар биелүүлж, шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдгийг би мэднэ. Энэ бол хэн бүхний хийж чадах хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр л биеллээ олдог учраас би та бүхний шударга ариун үйл хэргээр ямагт бахархаж байдгаа энэ дашрамд хэлэхийг хүсч байна.    

Монгол Улс НҮБ-ын байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.

“KHAAN QUEST-2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлж байгаа талууд болон тус ажиллагаанд оролцогч улс орнууд, энхийг сахиулагчид Та бүхэнд дахин талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Дэлхий ертөнц мөнхөд амгалан жаргах болтугай” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5293
0 эможи
keyboard_arrow_up