Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дотоодын түүхий эдийг ашиглан орон сууц барих үйлдвэртэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан түүхтэй юм байна. Энэ үйлдвэрийн барилга 2014 онд хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болж өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. Үйлдвэр ингэж шинэчлэгдсэнээр ганцхан угсармал барилга барьдаг байсан бол бүх төрлийн барилга барих хүчин чадалтай болсон байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрэл” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, “Манай улс дулаахан байдаг таван сард барилга, байшин барьдаг. Өвөл зогссоны улмаас банкны зээл, хүү нь нэмэгдэж байдаг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэсэн юм.
Мөн энэ үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна зураг төсөл, барилгын материалын худалдааны үед үнэ нэмэгддэг байдлыг зогсоох боломжтой юм байна.
Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах боломжтой юм байна. Түүнчлэн бөөнөөр үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурах боломжтой талаар үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Иргэдийг орон сууцжуулах замаар утааны асуудал, ажилгүйдэл, ядуурлаа шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Харин үүнийг хэрхэн ажил болгох талаарх асуудлаа Улаанбаатар хотын засаг захиргаа, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Богино хугацаанд барилга, байшин барьдаг, үнэ өртөг нь бага гэдгээ мөн танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ утаа, агаарын бохирдлоос иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л сална. Нэг метр квадрат нь 1.2 сая, олноор үйлдвэрлэх бол цаашид ч буурах боломжтой юм байна. Маш сайхан үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллана” гэлээ.