Монгол Улсын Ерөнхийлөгч ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдээс танилцууллаа

2014 оны 6 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдийн төлөөлөлд ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдээс танилцууллаа. Тэрээр Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай,  Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдийг танилцуулсан юм.

 

Уг арга хэмжээнд УИХ дахь Ардчилсан нам, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн гишүүдийн төлөөлөл, сэтгүүлчид оролцлоо.

Төрийн тэргүүн УИХ-д өргөн барьсан болон удахгүй өргөн барих дээрх дөрвөн хуулийн төслийг нэг бүрчлэн танилцуулж, ирэх намар гэхэд баталж мөрдүүлэх нь ухаалаг төрийг цогцлооход нэн тэргүүнд чухал болохыг онцлов.

Дээрх хуулиудыг баталж хэрэгжүүлснээр төсвийн ил тод байдал хангагдаж, хариуцлагын тогтолцоо жинхэнэ утгаараа хэрэгжиж, төрийн албанд сонгодсон болон томилогдсон хүмүүс үүргээ бүрэн ухамсарлаж, хариуцлага хүлээдэг болж, иргэд мэдээллээр хангагдах юм.

Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ.

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар  төрийн сонгуульт болон томилгоот  төрийн өндөр алба тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх юм.

Өнөөдрийг хүртэл төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хуулийг батлан гаргаагүйг Монгол Улсын Ерөнхийлбөгч хэлсэн үгэндээ онцоллоо. Иймээс үүнийг зохицуулах үүднээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулжээ.

Шилэн дансны тухай хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

Эдгээр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүлж батлуулахад  Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлал үзүүлж оролцох болно гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5141
0 эможи
keyboard_arrow_up