ОХУ-ын иргэн В.А.Кокшаровыг “Алтан гадас“ одонгоор, А.В.Пономаревыг “Найрамдал“ медалиар шагнав

2017 оны 12 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын иргэн, Уралын холбооны их сургуулийн захирал  Кокшаров Виктор Анатольевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Уралын холбооны их сургуулийн доктор Пономарев Александр Владимировичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн захирал Виктор Анатольевич Кокшаров нь Монгол Улс, ОХУ-ын харилцаанд онцгой анхаарал тавин ажилладаг бөгөөд захирлаар ажиллах хугацаандаа тус сургуулиас Монгол Улстай харилцах харилцаанд чанарын өөрчлөлт гарсан байна. Мөн Монголоос төгсөгчидтэй харилцаа холбоо байнга тогтоож Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг ахлан Монголд хоёр удаа ирж байв.

Уралын холбооны их сургууль /хуучин нэрээр Уралын Политехникийн дээд сургууль/ нь 1960-аад оноос эхлэн Монгол Улсад 1,200 гаруй инженер бэлтгэж өгчээ.

Тус сургууль нь Монгол Улсын БСШУСЯ, МУИС, ШУТИС, “Эрдэнэт” ХК зэрэг газартай хамтын ажиллагааны 12 гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь ихээхэн анхааран ажиллаж байгаа юм.

Уралын холбооны их сургуулийн 1,200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд болох З.Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ч.Пүрэвдорж, академич Д.Дашжамц, С.Батмөнх, Д.Содномдорж нарын зэрэг олон эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.

Уралын холбооны их сургуулийн доктор Александр Владимирович Пономаревынсанаачилгаар Монголд Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байгаа юм.

Энэ холбоо нь гадаад улсад байгуулагдсан хоёр дахь холбоо болжээ. Энэ холбоонд тус сургуулийг төгссөн олон арван нэр хүндтэй хүмүүс ажиллаж байна. Тус холбоо нь Уралын холбооны их сургуулиас Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах төсөл, хөиөлбөрийг боловсруулан ажиллахад тусалдаг бөгөөд  2015 онд Уралын холбооны их сургууль, ШУТИС хамтран олон улсын оюутны отряд байгуулж Екатеринбург, Улаанбаатар хотын  барилгын байгууллагуудад ажиллуулжээ.

Эдгээр ажил нь хоёр орны хооронд дипломат харилцаа хөгжүүлэх шинэ хэлбэр болж байгаа юм.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50950
0 эможи
keyboard_arrow_up