Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оныг авлигыг илчлэх жил болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм.
Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Цаг заваа гаргаж, сэтгэл оюунаа чилээн монголын нийгмийн хамгийн хурц асуудлын нэг болох авлигатай тэмцэх ажлыг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцэж, зөвлөлдөж байгаад тань талархал илэрхийлье.
Үнэхээр авлига нь нийгмийн хөгжлийг хойш татагч, баялгийн шудрага бус хуваарилалтыг гааруулагч гол хүчин зүйл болохыг өнгөрсөн 27 жилд туулсан замнал, эдлэсэн зовлон маань хангалттай нотолж өглөө. Бид 27 жилийн өмнө ардчиллын замд орж амьдрал маань дардан, ирээдүй сайхан болно гэсэн. Эргээд харахад бидний зовлон их болсон байна.
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас гаргасан мэдээллээр 2017 оны 11 дүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн 2017 оны 11 дүгээр сарын байдлаарх мэдээлэл. Жил хүрэхгүй хугацаанд 65,3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ бол зөвхөн илэрсэн хохирол. Илрээгүй нь маш том тоо гарах байх.
Авлигатай тэмцэх бодит хүсэл зориг улс төрийн дээд хүрээнд байхгүй. Авлигын эсрэг тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдийгөөр үзэх байдал түгээмэл явж ирснээс өнөөдөр авлига буурах шинж тэмдэг огт харагдахгүй, олон нийтийн үнэлэмж маш гутранги байдалтай байна.
Өнгөрсөн өвөл олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна. 2017 оны 3 дугаар сарын 7-нд олон нийтэд танилцуулсан Ази, Номхон далайн бүсийн 16 оронд хийсэн авлигын барометр судалгаагаар “Авлигатай тэмцэхэд бид хувь нэмэр оруулж, өөрчлөлт хийж чадах уу” гэсэн асуултад Монгол Улсын иргэд хамгийн бага хувьтайгаар буюу 40 хувь нь “Чадна гэдэгтээ эргэлзэж байна” гэж хариулсан байна.
Угтаа бол авлигын эсрэг тэмцэлд олон нийтийн хяналт, шахалт хамгийн дээд хүч байдаг. Олон нийт, иргэдээс төрийн албан хаагчдын авлига нэхэх, шаардах, төрийн өмчид халдах, албан тушаалын давуу байдлаа ашиглах, хамаарал бүхий этгээдүүддээ төрийн хөрөнгийг найр тавих, давуу эрх олгох зэрэг хууль бус үйлдэл, төрийн өмчөөр тансаглах, үрэн таран хийх зэрэг ёс зүйгүй араншингийн өмнө хүлцэнгүй номхон байсаар л байвал, тэднийг ёс зүйтэй байх, хууль журмаа мөрдөхийг шахаж шаардахгүй суусаар л байх юм авлига хэзээ ч арилахгүй. Олон нийт л өөрчлөхгүй бол авлигачид өөрчлөгдөхгүй, тэдний хамсаатнууд хөдлөхгүй.
Одоо авлигын эсрэг тэмцэлд хоёр зүйлийг эн тэргүүнд анхаарах шаардлага тулгарч байна. “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын гаргасан зөвлөмжид:
-Хууль эрх зүйн хувьд Авлигыг мэдээлэх, шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах хуулиудыг батлах, хэрэгжүүлэх. Үүнд “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох. Авлигатай тэмцэх үүрэгтэй төрийн байгууллагууд авлига төлөхөөс татгалзагч иргэд болон авлигын талаар мэдээлэл өгөхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллах, тэднийг дэмжих арга зүйгээ боловсронгуй болгон сайжруулах
-Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөггүй үлддэг жишгийг эцэс болгох хэрэгтэй гэж заасныг л эн тэргүүнд хэрэгжүүлэх цаг болжээ.
Та бүхэн зөвлөлдөөд ирэх 2018 оныг “Авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарлах санаачилга гаргаж байгаа нь үүнтэй таарч байгаа тул Ерөнхийлөгчийн зүгээс бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг хэлье.
Авлигатай хийх тэмцлийн хамгийн сайн сурталчилгаа нь авлигачдад хууль ёсны хариуцлага хүлээлгэх явдал гэж дэлхий нийтээрээ үздэг.
Олон нийт шүглээ чангаар үлээж, насаараа төрийн алба хашсан сайд хүн АСЕМ вилла хотхонд олон тэрбумын үнэтэй тансаг хаус худалдан авсныг, өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг мэдээлсээр байхад АТГ нь анзаарахгүй, сэжүүрийг мөрдөн шалгаж, тогтоохыг хичээхгүй байгаа нь авлигатай тэмцэж байгаа эсэхэд эргэлзэх сэдлийг иргэдэд өгч байгаа юм. Авлигын сэжүүрийг төрийн албан хаагчийн хэрэглээ, худалдан авалтын эх үүсвэрээр нь хөөн илрүүлдэг олон улсын туршлагыг авлигатай тэмцэх үүрэгтнүүд огт хэрэгсэхгүй байна. 60 тэрбумын гэгдэх хэрэг сураг алдарлаа. Гэрч, оролцогч нь байсаар байхад шалгах, шийдвэрлэх хүсэл сонирхол гаргахгүй байсаар байгаа нь хачирхалтай.
Тийм учраас авлигатай тэмцэх ажилд олон нийтийн идэвхийг сэрээх, тэднийг татан оролцуулахын тулд хууль зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажил чухлаар шаардагдаж байна. АТГ-аас хийсэн судалгаанд оролцогчдын 45.1 хувь нь “албан тушаалтнууд авлига өгөх гарцаагүй нөхцөл байдлыг бий болгодог” хэмээн мэдүүлжээ. Тэгвэл эрүүгийн шинэ хуулинд “бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн, үүнийгээ хуулийн байгууллагад мэдэгдсэн бол хуулийн хариуцлага хүлээхгүй, ял оноохгүй байх”заалт орсон. Харин авлига авсан бол ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээлгэдэг болсныг иргэд мэдэхгүй сууж байна. Мэдэхгүй бол мэдээлэхгүй, тэмцэхгүй шүү дээ. Хуулийг иргэдэд сайн сурталчилдаг, иргэд өргөнөөр хэлцдэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, бэхжүүлэх шаардлагатай.
Олон нийт, иргэдийн зүгээс Улаанбаатар хотын утааг арилгах, агаарын бохирдлыг бууруулах нэрээр төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж, үрэн таран хийсэн албан тушаалтан, ажил гүйцэтгэсэн компаниудтай үр дүнгийн хариуцлага тооцохыг шаардаж боллоо. Энэ бол зүй ёсны шаардлага.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагийн тараасан мэдээллээс үзэхэд 2008-2016 оны хооронд Агаарын бохирдлыг бууруулах нэрээр улсын төсвөөс 147 тэрбум 311 сая төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг зарцуулжээ. Зөвхөн сайжруулсан зуухыг гэхэд нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувьд тараасан гэж байна. Гэтэл үр дүнд нь гэр хорооллын агаарын бохирдолд эзлэх хувь хэмжээ 2008 онд 38 хувь байснаа 2016 онд 80 хувь болж өссөн гэх үзүүлэлт гарчээ. Энэ юуг харуулж байна гэхээр эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд болон тэдний хамсаатнууд агаарын бохирдлыг бууруулах нэрээр мөнгө цөлмөхөө урьтал болгосноос бус шийдвэрлэх арга замыг бодитоор эрж хайгаагүй, шийдээгүй гэсэн үг ! Нэгэнт төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан эзэн холбогдогч нь тодорхой байгаа болохоор хариуцлага тооцох нь зүй ёсны, хууль ёсны шаардлага юм. Алдаа бүр хариуцах эзэн, тооцох хохиролтой. Үүнийг шийдвэрлэхгүйгээр дараа дараачийн арга хэмжээнүүд үр дүнд хүрэхгүй.
Дэлхий нийтээр агаарын бохирдлыг шийдвэрлэдэг бэлэн арга туршлагууд байхад яагаад Улаанбаатарт нэгийг нь ч авч хэрэглэхгүй утаагүй зуух, утаагүй түлш, агаар шүүгч гэх мэт үр дүнгүй хоосон, мөнгө цөлмөхийг урьтал болгосон төслүүд л хэрэгжээд байна вэ? Орон сууцжуулах, хөдөөнөөс хот руу чиглэх урсгалыг бууруулах, төвлөрлийг сааруулж дагуул хот байгуулах гээд үр дүнтэй нь тогтоогдсон арга хэмжээнүүдээс яагаад зайлсхийгээд байна вэ? Эндээс хардах сэдэл яалт ч гарч байна. АТГ газар үүнийг анхааралдаа авч шалгах, үр дүнг тооцох, хариуцлага хүлээлгэх ёстой. Хариуцлагын бохирдлыг арилгахгүйгээр агаарын бохирдол хэзээ ч арилахгүй.
Нөгөө талаар АТГ-ын зүгээс иргэд, сонгогчдыг төлөөлөн хяналт тавих, хуулийг хэрэгжүүлэхийг шаардах үүрэгтэй Олон нийтийн зөвлөлдөө сөрөг байр сууринаас хандах, үйл ажиллагааг нь хязгаарлах, үл тоомсорлох оролдлогыг илтээр гаргаж байна. Энэ бол байж болохгүй үзэгдэл. АТГ олон нийтийн оролцоог хажигладаг, хазаарладаг биш дэмждэг, хамтран ажилладаг байж л авлигатай бодитоор тэмцэнэ.
Ингээд “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” олон нийтийн зөвлөгөөн оролцогсдод ахин талархал илэрхийлье. Та бүхэн олон нийтийг авлигын эсрэг тэмцэлд уриалан дуудах, идэвхжүүлэх бодитой санал санаачилгууд гаргана гэдэгт гүнээ итгэж байна.
Зөвлөгөөний ажилд амжилт хүсье” гэлээ.
Эх сурвалж: PRESIDENT.MN