Х.Баттулга: Төр нь дэмжихгүй бол Үндэсний үйлдвэрлэл өлгийдөө өтлөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон үг хэллээ.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:
“ Монгол Улсын бизнесийн салбарын эрхэм хатагтай нар аа,
Бизнес эрхлэгч бүсгүйчүүд ээ,
Та бүгдэд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.
25 жил гэдэг богино биш, их хугацаа. Сая Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа хэллээ. 25 жилийн өмнө 200 гаруй эмэгтэйчүүд цуглаж байсан бол одоо 20 мянга гаруй болж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбартай болжээ. Энэ ачааг авч явна гэдэг их хэцүү. О.Заяа даргад баяр хүргэе.
Монголын нийт хүн амын талаас жаахан илүүг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байгаатай адил ажил эрхэлж байгаа хүмүүсийн мөн талаас илүү нь буюу 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт ажил олголтын 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарынхны 85 хувь нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байна гэх зэрэг тоо баримтыг хараад бахархахгүй байхын аргагүй юм. Тоо худал хэлдэггүй. Тоонд үнэн агуулагддаг. Монголын баялаг бүтээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд юм байна. Баяр хүргэе, та бүхэнд.
Өнөөдөр би бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ та бүхнийг хэрхэн яаж дэмжихээ бас бодолхийлж байна. Хэдийгээр ажил хэрэгч эмэгтэйчүүд бүхэн өдөр тутамд шаргуу зүтгэн, уйгагүй хичээж, амжилттай ажиллаж байгаа ч төрийн эдийн засгийн бодлогын алдаа, макро эдийн засгийн хүндрэл бэрхшээл, банкны өндөр хүү, зээлийн давчуу хугацаа, давхар татварын дарамт зэргийг шийдвэрлэхгүй удсанаас бизнесийн өсөлт удааширч, томоохон төсөл хэрэгжихгүй, үүнийгээ дагаад жижиг, дунд үйлдвэрлэлүүд бий болохгүй байгаа нь өнөөдөр нуухын аргагүй үнэн юм.
Баялаг бүтээгчдэд учирч байгаа бүх хүндрэлийн уг язгуурт алсын хараагүй эдийн засгийн бодлого, өнөө маргаашийг аргацаасан түүхий эдийн наймаа, нийтийн баялгийг цөөнх шудрага бусаар цөлмөн хоослож байгаа зарчимгүй, увайгүй явдлууд байгаа нь өнөөдөр ил тод болсон байна. Нийгмээрээ 27 жил шүүмжилж, хэлэлцэж, мэтгэлцэж ирлээ ч бүтэлтэй үр дүн гарахгүй байгаагийн шалтгаан нь энд л байгаа бөгөөд үүнийг эрс өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм. Бид өвчний уг үндэстэй бус илрэлтэй нь зууралдаж ирснээ ухаарч, үндсийг таслах замаар эдийн засгаа эрүүлжүүлэхээс цаашдын замаа эхлэх ёстой.
Та бид нэгдэн нягтарч байж өөрчлөхгүй бол юмс өөрөө өөрчлөгдөхгүй гэдгийг ухаарах цаг болсныг энэ 27 жил хэлж байна.
Түүхий эдийн наймаагаар улс хэзээ ч хөгжихгүй, ийм замаар хөл дээрээ зогссон нэг ч улс орон байхгүй болохыг гадаадынхантай хуйвалдан Монголын баялгийг цөлмөгч цөөнх ойлгож байгаа ч өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө үндэсний үйлдвэрлэлийн төслүүдийг гацааж ирлээ. Түүхий эдийн наймаа, олборлох салбар нь ажлын байрны багтаамж муутай, цөөнхийг л баяжуулах өрөөсгөл шинж чанартай салбар юм.
Том үйлдвэрлэл, том төсөл байхгүй бол жижиг, дунд үйлдвэр гэж байхгүй. Том төслүүдийнхээ ханган нийлүүлэлтийг хийж байж л жижиг дунд үйлдвэрлэл амжилттай хөгждөг жамтай. Тийм учраас төрийн зүгээс түүхий эдийн наймаагаар гол зогоох явуургүй бодлогоо зогсоож холыг харан, нэмүү өртөг шингээгч, ажлын байрыг олноор бий болгогч боловсруулах үйлдвэрүүдийн төслүүдийг хүчээр ч болсон бодлогоор хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй болжээ.
Ингэж байж л улс даяарт бизнесийг дорвитой дэмжинэ. Тэрнээс биш түр зуурын арга хэмжээ, гал унтраах хандлагаар эдийн засаг өсөхгүй, хөгжил наашлахгүй нь улам бүр тодорхой болж байна. Бизнес эрхлэгч бүсгүйчүүдийг төрийн зүгээс эн тэргүүнд дэмжих боломж бол төрийн худалдан авалтыг дотоодын үйлвэрлэл, үйлчилгээгээр бүрэн хангах явдал юм. Төр татвар төлөгчиддөө үйлчлэх ёстой юм бол одоо эн тэргүүнд дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааны импортын татварыг Дэлхийн худалдааны байгууллагын зөвшөөрөх дээд хэмжээ болох 30 хувьд хүртэл нь нэмэх шийдэл байж болно. Түүхий эдийн экспортын татварыг ч гэсэн эргэн харах, үйлдвэрлэлийг дэмжих тохиргоо хийх шаардлага бодитоор тулгарч байна. Ийм бодитой дэмжлэггүйгээр, тухайлсан бодлогогүйгээр үйлдвэрлэл олигтой торнихгүй, бойжихгүй байна. Төр нь дэмжихгүй бол Үндэсний үйлдвэрлэл өлгийдөө өтлөж эхэллээ.
Ажил хэрэгч бүсгүйчүүд ээ, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс та бүхэнтэйгээ хамтран эдийн засгийг олон тулгууртай болгох бодлого руу Засгийн газрыг шахаж, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлт, хангалттай тооны ажлын байрыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ, чадахгүй зүйл тулгарсан ч чадах, давахын төлөө зүтгэнэ гэдгээ та бүхний өмнө илэрхийлье.
Сая Монголд бизнес эрхлэгчдийн 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж хэллээ. Би АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзаж оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээл рүү татваргүй оруулах бодлогыг Конгрессоороо шийдүүлж өгөөч гэсэн хүсэлт тавиад ажиллаад эхэлсэн байгаа.
Өнөөдөр Монголын улс төрд эрэгтэйчүүд түлхүү орсон. Уул уурхайд ч эрэгтэйчүүд орсон. Эмэгтэйчүүд үлдсэн байна. Энэ талд арга хэмжэ авна.
Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой дээр зовлон жаргалаа хуваалцаж явсан бизнесийн салбарын эмэгтэйчүүддээ баяр хүргэе. “Түшиг” дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүрийг үндэслэн байгуулагч Сүхээд, “Алтан шагай” компанийн О.Заяа даргад баяр хүргэе. О.Заяа даргын амьдралын түүх бол Монголын шинэ үеийн бизнес эрхлэгчдийн түүх юм гэж би ойлгож явдаг. Баянхонгор аймгийн Энхдолгор, Цоомоо, “Тогос” компанийн Долгорсүрэн, “Тансагтрейд” компанийн Цэрэндолгор, мөн маш олон хүнийг ажлын байраар хангаж, их хэмжээний татвар төлдөг “Нарантрейд” компанийн Удвал, “Монгол вояж” компанийн Алтантуяа, “Цолмонтрейвел” жуулчны компанийн Цолмон захиралд энэ индэр дэрээс баяр хүргэе.
Урьд урьдын Ерөнхийлөгч нараас ялгаатай нь бизнесийн салбараас гарсан хүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ганзгын наймаанаас эхлээд үйлдвэр эрхэлж, татвар төлж, цалин тавьж явсан. Ийм хүн Ерөнхийлөгчөөр гарч ирснийг манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ашиглах ёстой.
Бизнест учирдаг бүхий л зовлонг мэддэг учраас, энэ зовлонг ойлгодог учраас та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. УИХ-д бизнесийн салбараас эмэгтэйчүүд орсон. “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав энд ирсэн байна. Та бүхний тулгамдаж буй асуудлууд дээр хамтарч ажиллахад бэлэн байна.
Бид хийхгүй бол хэн ч хийхгүй. Бид өөрчлөхгүй бол юмс өөрчлөгдөхгүй гэдгийг энэ индэр дээрээс хэлье.
Эмэгтэйчүүдийн зовлон эрэгтэйчүүдийнхээс өөр. Үр хүүхдээ асрах, хооллох, үүний зэрэгцээ бизнес эрхлэх, олон хүний цалин тавих, татвар төлөх гээд эмэгтэйчүүдийн ачаа, дарамт эрэгтэйчүүдийнхээс их. Үүнийг даван туулж яваа та бүхэнд дахин баярын мэнд хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа” гэв.