Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байна. Энэхүү уулзалтын зорилго нь өнгөрсөн 7 хоногт олон нийтийн анхаарлын төвд байж ард иргэдийг талцуулаад байгаа “100 чухал сэдэв" телевизийн нэвтрүүлгийн талаар байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ "Ард иргэд энэхүү нэвтрүүлгийг Гурван янзаар хүлээн авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч, учраа мэдэхгүй зарим нь яаж хүлээн авсныг бол мэдэхгүй байна. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхлэвэл хэн салгах вэ? УИХ-ын гишүүд очиж салгах уу..." мөн хэлэхдээ "...Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдлөшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой."
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа төгсгөлд уг уулзалтыг дамжуулж буй хэвлэлийнхэнд хандан “Олон нийтэд юм үзүүлнэ гэдэг хариуцлага. Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийгээд байгаа хүмүүс нэр алдараа бичих хэрэгтэй. Үнэхээр эх орончид л юм бол хэн юу хийж, хэн зохиолыг нь бичсэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй” гэлээ.