Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

2014 оны 6 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны харилцаа бүх салбарт идэвхтэй хөгжиж, хамгийн найрсаг түвшинд хүрээд байгааг тэмдэглэв.

 

БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа илүү нээлттэй, өргөн хүрээтэй, илүү боломж олгохуйцаар харилцах бодлого барьж байгаа нь Монгол Улсын байр суурьтай ихэд нийцэж байгааг мөн хэлж байлаа.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлаад байгаа юм. Энэ хүрээнд хүүхэд, залуус, төрийн албан хаагчид, иргэдийг харилцан зочлуулж, энэ бүхний үр дүнд хоёр орны найрсаг харилцаа улам бэхжих болно гэдгийг талууд онцолж байв.

Сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд БНХАУ-ын дарга Си Зиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав. Мэндчилгээнд  2014 оны тавдугаар сард Шанхай хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өргөн хүрээг хамарсан халуун дотно яриа өрнүүлснээ дурсаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дахин уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 11 жилийн өмнө Монголд ирж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс ихэд өөрчлөгдөн хөгжсөнийг харж, энэ бүхнийг монголчуудын хүчин чармайлт, ололт амжилтын үр дүн хэмээн үзэж буйгаа хэлэв. Тэрээр энэ онд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгааг онцлон тэмдэглэв. Уг айлчлал нь БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаогийн Монголд хийсэн айлчлалаас 11 жилийн дараа болох гэж байгаа түүхэн ач холбогдолтой үйл явдал гэдгээрээ онцлог хэмээн Хятадын тал үзэж буй юм байна. Хоёр улс бие биеийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэж, аюулгүй байдлаа харилцан хүндэтгэхийн зэрэгцээ  өөр өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх бодлогыг Хятадын тал баримталж байгааг сайд Ван И онцоллоо. Мөн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлж, бүс нутгийн болон олон улсын энх тайван, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Улаанбаатарт Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван талын хамтарсан өндөр хэмжээний уулзалт хийх боломжийн талаар санал дэвшүүлж байгаагаа дурдаж АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэт зочноор урьсанд нь талархал илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4961
0 эможи
keyboard_arrow_up