Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ илгээлээ
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ОРОЛЦОГЧДОД
Найроби
Эрхэмсэг Хатагтай, ноёд оо,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблей Кени Улсын нийслэл Найроби хотноо 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр анхдугаар чуулганаа хуралдуулж үйл ажиллагаагаа эхлэснийг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилье,
Хүн төрөлхтөн эх дэлхий, хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хэзээ хэзээнээс илүү чухалчлан анхаарч байгаа өнөө үед НҮББОХ-ийн Байгаль орчны Ассемблейн авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа улам ч өндөр ач холбогдолтой байх болно гэж итгэж байна.
Монгол Улсын төр, засгийн газар нүүдлийн мал аж ахуй, уламжлалт өв соёлоо хамгаалахын сацуу эдийн засаг, нийгмийг байгальд ээлтэй, тогтвортой хөгжүүлэхийн тулд “Ногоон хөгжлийн бодлого”-ийг саяхан баталсан бөгөөд “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-д нэгдэн ороод байгаа билээ. Та бид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлд Та бүгдийн хошуучилж буй НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжиж, цаашид ч идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгааг энэ ялдамд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм Та бүхэнд болон НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн олон талт үйл ажиллагаанд цаашдын их амжилт, сайн сайхныг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ