Ерөнхийлөгчийн “30 гэр бүл”-ийн үлгэр яаж төгсөх бол...
-Үнэхээр ийм гэр бүлүүд байгаад, Монголын эрх ашгийг хөндөөд байвал шуудхан ил зарлаж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ нууцыг задлахгүй байх том шалтгаан Ерөнхийлөгчид байна гэхэд буруудахгүй биз ээ-
“30 гэр бүл”. Энэ үг орчин цагт хадны мангаа шиг л аймар сонсогдох аж. Хүмүүс хүүхдээ хадны мангаагаар айлгадаг шиг Ерөнхийлөгч Х.Баттулга , байсхийгээд л “30 гэр бүл” гэж хачин нухацтайгаар хэлж хүмүүсийг шийрэгнүүлэх болов. Түүний яриад байгаа энэхүү “30 гэр бүл” Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан танил үг л дээ.
Тиймээс л “30 гэр бүл” гэж юу гэсэн үг болох, хэн хэнийг эдгээрт багтаан нэрлээд байгааг мэдэхгүй ч Ерөнхийлөгч маань хүртэл шууд илчилж чадахгүй, дүлгэнээд байгааг нь харвал их л айхавтар бүлэг байх шиг. Сүүлдээ бүр жирийн иргэд ч үүнийг нь ойлгохгүй хэр нь 30 гэр бүлийн сургаар айж тэвдэх маягтай.
Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд багтдаг нь “тодорхой” болов. Хэдийгээр мань хүн чухам юунд хутгалдсанаа ойлгохгүй байгаа ч Ерөнхийлөгч түүнийг 30-ийн нэг гэж итгэлтэйгээр зарлаад байгаа.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга чухам юуны учир эдгээр нэрийг хэлэхээс татгалзаад байгаа нь хачирхалтай. Нэгэнт л эдгээр гэр бүл Монгол Улсын хувь заяанд тоймгүй хохирол учруулаад байгаа юм бол төрийн тэргүүний хувьд улс эх орон, ард иргэдийнхээ тусын тулд илчлэх нь түүний үүрэг баймаар. Харин одоо мань хүн энэ их нууцыг ганцаар олж мэдээд, түүгээрээ өрсөлдөгч нараа намнаж, сүрдүүлээд байгаа мэт л харагдаж байна.
Дээр нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч нар 50 гаруй удаа хориг тавьсан ба бүгд өөрийн гэсэн үндэслэлтэй, албан хэв шинжтэй байсан. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан хориг дэндүү амин хувийн шинжтэй байсан гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга ширүүхэн шүүмжилж байв.
ГУЧИН ГЭР БҮЛИЙН НЭРСИЙГ НЬ ХЭЛЖ ӨГӨӨЧ
Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хоёр дахь зүйл гэвэл “Батлагдаагүй асуудал дээр хориг тавина” гэсэн Ерөнхийлөгчийн заналхийлсэн байр суурь юм уу, хориг тавьж байгаа албан бичиг дээр орж ирсэн байна билээ. Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа.
Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Тэгээд энэ үндэслэл гэдэг юмыг чинь авах ч хэцүү, байх ч хэцүү. Анх удаа ийм хориг орж ирж байгааг харж байна. Хориг тавьж байгаа асуудал чинь үндэсний эв нэгдлийг хамгаална, Үндсэн хуульд нийцүүлнэ гэсэн тангарагт нь нийцэж явах ёстой. Гэтэл далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна" гэсэн юм.
Тэрбээр албан бичиг болон хоригийн талаар тун ч оновчтой хэлэх шиг боллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч X.Баттулга байр сууриа ул суурьтайгаар илэрхийлэхийн оронд шантаажилж, заналхийлэх маягаар мэдэгдэл хийгээд байвал төрийн тэргүүний үүргээ олон талаар гуйвуулан ашигласан болно гэж хэлсэн хэрэг.
Нөгөө талаар үнэхээр ийм гэр бүлүүд байгаад, Монголын эрх ашгийг хөндөөд байвал шуудхан ил зарлаж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ нууцыг задлахгүй байх том шалтгаан Ерөнхийлөгчид байна гэхэд буруудахгүй биз ээ Ямартай ч Ерөнхийлөгч маань Монголын нийгэмд нэгэн учир битүүлэг “30 гэр бүл”-ийн тухай таавар таалгаж эхэллээ. Энэ асуудал яаж төгсөх бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.