Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хатагтай В.И.Матвиенко бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенко бараалхлаа.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенко Монголын сайхан оронд хийж буй айлчлал нь амжилттай үргэлжилж байгаад талархал илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжууллаа. БНХАУ-ын Шанхай хотноо өнгөрсөн тавдугаар сард болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Төрийн тэргүүд өндөр хэмжээнд улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлснийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээндээ тэмдэглэж, тогтмол хийж буй уулзалтууд нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгч байдгийг дурджээ.
Хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр, харилцан ашигтай хөгжиж байгааг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга тэмдэглэлээ. Хамтарсан үйлдвэрүүд үр ашигтай ажиллаж, 2015 он хүртэл хэрэгжүүлэх Эдийн засгийн харилцааны баримт бичгүүд амжилттай хэрэгжиж байгааг мөн онцолсон юм.
Уулзатын үеэр Монгол Улсын иргэдийг ОХУ-д визгүй зорчуулах болон жижиг, дунд үйлдвэрийг хамтран хөгжүүлэх, хамтарсан бизнес форумыг хийж байх талаар хөндөн ярилцлаа.
Ойрын хугацаанд хоёр орны харилцааны түүхтэй холбоотой тэмдэглэлт хоёр үйл явдал тохионо. Энэ 2014 оны оны наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой, ирэх 2015 оны тавдугаар сард аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой болох гэж буйг тэмдэглэн ярилцсан юм.
Халх голын ялалтын ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг уриад байгаа бөгөөд хэрэв боломжтой бол Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн хөрш гурван орны дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт анх удаа хийж болох талаар ярилцаж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүллээ.